-Удаа хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төр даадаг болох нь. Засгийн газар улсын төсвөөс жилд гурван тэрбум төгрөг гаргаж, цусны хорт хавдраар өвсөн иргэдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь дааж, диализийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамруулдаг болох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан байна.
-Улаанбаатар хотын хэмжээнд нийт 601 хянагч автобусны үйлчилгээг сайжруулах, иргэд үүргээ биелүүлж, зөв зохистой зорчиж буйд хяналт тавин ажиллаж байгаа аж. Өмнө нь нийтийн тээврийн үйлчилгээнд 1600 гаруй кондуктор ажилладаг байсантай харьцуулахад энэ тоо бараг гурав дахин буурсан гэсэн үг юм. Нөгөө талаар тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа аль аль талдаа үр дүнтэй арга хэмээн НТГ-ээс мэдээлжээ.
-“Энэ оны есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 183 үйлдэлтэй 150 хүнд холбогдох 57 хэрэгт шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн байна. Үүнээс урд оны үлдэгдэл 42 хүнд холбогдох 18 хэрэг. Нийтдээ 221 хүнд холбогдох 92 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгааг тэр анхааруулсан. Хэрэгт холбогсдын хувьд 25-35 насныхан байна.
-Энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнд 2017-2021 он хүртэл буюу таван жилийн хугацаанд шохой нийлүүлнэ гэж заажээ. Гэрээнд урьдчилгаа төлбөр 15 тэрбум төгрөг байна гэж заасан. Гэхдээ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн тогтсон сард хийнэ гэсэн байна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй наймдугаар сарын 25-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээг хуулийн дагуу байгуулсан эсэхийг шалгах ёстой” гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.
-Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар сумын малын эмч бүсгүйг хүчирхийлсэн гэх хэргийг өнөөдөр /2016.10.17/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд шүүлээ. Хурлаас Б.Ханбаатарт ногдуулсан есөн жилийн хорих ялыг хэвээр үлдээж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжлээ.
-Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг хотын мэр тогтоол гаргаж, захирамжилжээ.
-Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд аравдугаар сарын 31-ний өдөр амрах болсныг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдлээ. Энэ өдөр Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй юм.
-Ирэх оноос эхлэн сум, аймаг гээд нийслэлээс алслагдсан бүс нутагт өвдсөн, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг нисдэг тэргээр зөөвөрлөдөг эсвэл тухайн эмнэлгийн багийг нисдэг тэргээр тээвэрлэдэг болно гэдгийг салбарын сайд нь онцоллоо.