Г.Батжаргал: Өвлийг өнтэй давахаар олон ажил хийж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

Г.Батжаргал: Өвлийг өнтэй давахаар олон ажил хийж байна

Баянхонгор аймгийн  өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар тус аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас тодрууллаа.

-Танай нутгаар намаржаа сайхан байна уу?

-Аймгийн хэмжээнд нар хур тэгширсэн сайхан зун болсон. Намар ч урт, налгар болж байна.  Энэ сарын эхээр говийн зарим сумаар нойтон цас орсон ч энэ нь өвөлжилтөд нөлөөлөхгүй. Бид өвлийг өнөтэй давахад чиглэсэн олон талт арга хэмжээ авч, бэлтгэл ажлаа базааж байна.

-Тухайлбал, яг ямар ажил хийж байна вэ?

-Өвөл, хаврын улиралд зам, давааг байнга нээлттэй байлгах, үер усны аюулаас үүдэлтэй эвдрэлд орсон орон нутгийн замыг сайжруулах ажлыг яаралтай зохион байгуулахыг аймгийн Онцгой байдлын хэлтэст даалгасан. Мөн цаг уурын аюултай үзэгдлийн талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэх сүлжээг бий болгох, тохирох хугацаанд бэлчээрийн даацыг тодорхойлж 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын байдлыг хэрхэн зөв зохион байгуулах талаар ажил хийж байна. Мөн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хэрхэн хохирол багатай даван туулах талаар заавар, зөвлөмжийг гарган холбогдох байгууллага, бүх суманд өгч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанд даалгасан байгаа. Газар тариалангийн салбарт ч анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг алдалгүй ургацаа хамгаалах, хураасан ургацын борлуулалт, хадгалалтын ажлыг оновчтой зохион байгуулах чиглэл өгсөн.

-Хадлан тэжээлийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар төлөвлөгөө гарган хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллахыг даалгасан байгаа. Энэ хүрээнд хадлан тэжээл бэлтгэх, ингэхдээ нэг суманд бэлтгэх хадлан, гар тэжээлийн доод хэмжээг зааж өгсөн. Тухайн сум доод тал нь 100 тонн өвс, 30 тонн тэжээлийг өөрсдийн хүч, бололцоондоо тулгуурлан бэлтгэж байна. Сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зааг газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоо, өвөл, хаврын бэлчээрийн даацад тулгуурлан зохицуулалт хийх нь чухал гэдгийг анхааруулсан.

-Тэгвэл малчдын хувьд бэлтгэлээ хэр базааж байна вэ?

-Малчид өвлийг өнөтэй давахын нэг чухал үзүүлэлт бол малын хашаа хороо, саравчаа засварлах, шинээр барих, бууц хэвтрээ хатааж, ариутгах юм. Мөн өвөлжилт хүндэрвэл шаардлагатай эм тариа, өвс тэжээл, түлш, хоол хүнсээ нөөцлөх талаар анхааруулсан байгаа.

Р.ОЮУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж