Өсвөрийн сайчууд Өвөрхангайд чууллаа

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сайчууд Өвөрхангайд чууллаа

Үндэсний бөхийн 2016 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан өнгөрөгч амралтын өдрүүдээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж өнгөрлөө. 20 аймаг, 9 дүүргийн баг тамирчид хүч үзэв.

Дээд нас

1. Завхан аймгийн Яруу сумын харьяат Багахангай дүүргийн спорт хорооны бөх сумын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл. Яруу сумандаа хоёр дараалан түрүүлсэн. 2014 оны Баян-Өлгий аймагт болсон улсын аваргын зургадугаар байрын шагналтай, 2015 оны улсын аваргын хүрэл медальтай. Энэ тэмцээнд нэг ч уналгүй түрүүлсэн юм. Аварга дээд сургууль улсын начин Б.Адъяахүүгийн шавь.

2. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн залуу харцага Дамдинсүрэнгийн Ариунбаатар. Өнөө жил Хэнтий аймагтаа зургаа давж харцага цол хүртсэн. Баян-Өлгийд болсон улсын аваргын мөнгөн медальтай, өнгөрсөн жил эхний тойргоос тэмцээнийг өндөрлүүлж байсан. Улсын аваргын хошой мөнгөн медальтай. Аварга дээд сургууль Б.Адъяахүүгийн шавь, Хэнтий аймгийн харьяат бөх тайлбарлагч Гансүхийн Нэргүйбаатар дасгалжуулсан. Самбуугийн Баярсайхан, түрүү бөх хоёрт унасан.

3. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан Батжаргалын Лхагвадорж. Төрийн наадамд гурван жил дараалан өсвөрт түрүүлсэн. Улсын чанартай том өсвөрийн барилдаан, аймаг сумын ойд гурван жил босоо явсан. Өмнөх хоёр жилд улсын хошой аварга болохдоо нэг ч унаагүй. Энэ удаа Б.Орхонбаяр, Д.Ариунбаатар, М.Лхагвагэрэл нарт унаж хүрэл медаль хүртлээ. Өсвөрийн улсын аваргаас гурван медаль хүртсэн ховор бөхчүүдийн нэгэн болж үлдлээ. Аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн шавь. Энэ удаа Өвөрхангай нутгаа төлөөлж оролцов.

4. Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Аварга дээд сургуулийн оюутан Хан-Уул дүүргийн спорт хорооны бөх Чинбатын Алтангэрэл. Хонгор нутгаа төлөөлж 25 даваа авч дөрөвт шалгарлаа. Эхний гурван байрны хүчтэнд унасан. Улсын аваргын мөнгө хүрэл медальтай. Бүдээбазарын Адъяахүүгийн шавь.

5. Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат Баярсайханы Орхонбаяр. Сэлэнгэ нутгаа төлөөлж сайн барилдсан. Өнгөрсөн жил аравт шалгарсан. Т.Өсөх-Ирээдүй, Б.Адъяахүү нарын шавь. Уран гараа дэвээний шагнал хүртсэн.

6. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат сумын заан Мөнхбатын Жамсрандорж. Төв аймгийн спорт хорооны бөх. Улсын начин Хэнмэдэхийн Амараа дасгалжуулсан. 2014 оны төрийн наадамд их шөвөгт үлдсэн. МБӨ-нд болдог өсвөрийн барилдаануудад амжилттай барилдаж байсан.

Долоо найм, есдүгээр байрын хүүхдүүд даваа тэнцэж тойрч барилдан. Улсын харцага Г.Элбэгийн хүү Батсуурь долоод, Ховдын Билэгт наймд, Дорноговийн О.Хишигдэлгэр есөд, орсон юм. Самбуугийн Баярсайхан аравт шалгарав.

Дунд нас

1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Хилчин спорт хорооны бөх сумын заан Нямдоржийн Өсөхбаяр. Сүхбаатар аймгаа төлөөлж Мягмарцэрэнгийн Гантулгад унаж нэг унаатай түрүүлсэн. Улсын шандас, өнгөрсөн жилийн Алдартаны барилдааны түрүү бөх билээ. Рэгжийбуугийн Давааням зааны нэрэмжит шагнал хүртсэн. Улсын начин гавьяат тамирчин Дашзэвэгийн Пүрэвсүрэн, Цагаанхүүгийн Энхбат нарын шавь.

2. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Хан-Уул дүүргийн спорт хорооны бөх Аварга сургуулийн оюутан Жаргалсайханы Жавхлан. 2014 оны Ховд аймгийн даншиг наадмын түрүү бөх. Өнгөрсөн жилийн улсын аваргын хүрэл медальтай. Сүхбаатар дүүргийн Сайнбаяр, түрүү бөх хоёрт унаж мөнгөн медаль хүртэв.

3. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Өвөрхангай аймгийн спорт хорооны бөх Аварга лицей сургуулийн сурагч Болдбаатарын Баянсүх. Улсын аваргад нутгаа төлөөлж хүрэл медаль хүртсэн. 2016 оны сар шинийн барилдаанд их шөвөгт үлдэж байлаа. Тус тэмцээний өсөх ирээдүйтэй бөхийн шагнал хүртсэн.

4. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Чингэлтэй дүүргийн спорт хорооны бөх сумын начин Мягмарцэрэнгийн Гантулга. Нарийнтээл сумын заан Отгонбаярын шавь. Аваргыг өвдөглүүлсэн цорын ганц бөх. Өнгөрсөн жилийн улсын аваргын тавдугаар байрын шагналт.

5. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Аварга сургуулийн оюутан Тогтохсүрэнгийн Дашжамц. Өмнөговь аймгаас оролцсон. Өнгөрсөн жилийн Өмнөговь аймгийн баяр наадмын өсвөр бөхийн түрүү. Чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аваргын мөнгөн медальт. Өнгөрсөн жилийн улсын аваргын мөнгөн медальтай. Аварга дээд сургуулийн бөх Ч.Нямдорж, Өмнөговь аймгийн Ганзориг нарын шавь.

6. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Болорын Бадрал. МБӨ-нд болдог өсвөрийн барилдаанд түрүүлж байсан. Ч.Нямдоржийн шавь. Ховд аймгийн спорт хорооноос оролцож ийм амжилт гаргав.

Долоод тэмцээнийг хоёр өдрийн турш хошуучилсан Сүхбаатар дүүргийн спорт хорооны бөх Сайнбаяр, Сэлэнгийн Цэндийн Лхагва-Очир наймд, Х.Амараагийн шавь Төв аймгийн Шинэбилэг есөд, Хөвсгөлийн Нанжидсүрэнгийн Даваажамц аравт шалгарав.

Бага нас

1. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Нацагдоржийн Чиеэгүнбаатар. Аймгийн арслан Батмөнхийн Сүхбаатарын шавь. Энэ тэмцээний эхний тойрогт улсын шонхор Б.Адъяасүрэнд унаж дахин өвдөг шороодолгүй илүүрхсээр түрүүллээ. Өнгөрсөн жилийн Алдартанд аман хүзүүдэж, Эрдэнэтийн даншигт түрүүлсэн.

2. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Аварга лицей сургуулийн сурагч Хан-Уул дүүргийн спорт хорооны бөх Амарбатын Баянмөнх. 24 даваагаар мөнгөн медаль хүртсэн. Б.Адъяахүү, Ч.Нямдорж нарын шавь. Өнгөрсөн жилийн Алдартаны барилдаанд түрүүлсэн.

3. Булган аймгийн харьяат Булган аймгийн спорт хорооны бөх Ширнэндагва. Тус тэмцээнд орон нутгаас ирж хүч үзэн өндөр амжилт гаргасан бөх. 24 даваатай ч мөнгөн медалийн эзэнд унасан тул хүрэл дээр буулаа.

4. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Багахангай дүүргийн спорт хорооны бөх Аварга лицей сургуулийн сурагч Б.Очирсуурь. Мөн 24 даваатай өмнөх хоёр байрын хүүхдэд унаж дөрөвт шалгарав. Б.Адъяахүү, Ч.Нямдорж нарын шавь.

 5.  Архангай аймгийн Хашаат сумын харьяат Говь-Алтай аймгийн спорт хорооны бөх С.Сүхбат. 23 даваатай. Сүүлийн тойргуудад унаж байр хойшлосон. Б.Адъяахүү, Ч.Нямдорж нарын шавь.

6. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын шонхор Батхуягийн Адъяасүрэн. Өнөө жилийн төрийн наадмын түрүү. Цагаанхүүгийн Энхбатын шавь. Энэ тэмцээнд түрүү бөхийг хаясан цорын ганц бөх юм.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Ургамалын Батбаяр долоод орсон. Өнөө жилийн улсын наадамд их шөвөгт үлдэж, Өвөрхангай аймгийнхаа баяр наадамд хоёр түрүүлсэн. Нарийнтээл сумын заан Отгонбаярын шавь. Наймд Ховд аймгийн харьяат эхний өдөр онцгой сайн байсан Ховдын Хурцбаярын Одгэрэл, есөд Баянхонгорын Ё.Мөнхтөгс, аравт Увс аймгийн харьяат Т.Хайдав харцагын шавь Батбаатарын Цагаанбанди нар шалгарлаа.

Багийн дүнгээр хошой мөнгөн медаль, дөрөвдүгээр байрын шагналтай Бүдээбазарын Адъяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг тэргүүлэв. Хошой хүрэл, долдугаар байртай Мөнхсүлд дасгалжуулагчтай Өвөрхангайн баг хоёрт шалгарсан. Алтан медаль, дөрөвдүгээр байр, 11-р байртай Ч.Нямдорж дасгалжуулагчтай Багахангай дүүргийн баг хүрэл медаль хүртсэн юм. Уран барилдааны шагналыг Баянгол дүүргийг төлөөлсөн А.Өгийдалайн шавь Сайнбаяр, уран гараа дэвээний шагналыг Сэлэнгийн Б.Орхонбаяр, өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Б.Баянсүх нар хүртлээ.

Дараа жилийн улсын аварга Өмнийн цэнхэр говийнхон хүлээж авч нутаг дээрээ зохион байгуулах юм.

Энэ барилдааны хаалтад 24 бөх барилдлаа. Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат 2014 оны өсвөр үеийн улсын аварга Б.Одсүрэн түрүүлж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн начин Санжаагийн Төмөрбаатар үзүүр булаав. Гуравт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат И.Дашзэвэг заан шалгарсан юм. Улсын аваргын мөнгөн медаль хүртсэн Дамдинсүрэнгийн Ариунбаатар зургаад үлдээд түрүү бөхөд унасан юм. Б.Одсүрэн Дундговь аймгийн бөхийн дасгалжуулагчаар ирж оролцов.

                                                                                                                           О.Наранбаатар

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж