Жил, жилийн намар хууль тогтоогчид улсын төсвийн хуулийн төсөл дээр ажиллан, толгой өөд татах завгүй суудаг бол энэ удаад тойрог, тойрог дээрээ давхиад оччихсон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ сурталчлан, тунчиг завтай явна.
Намрын чуулганыг завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга өчигдөр/2016.10.11/ гаргасан нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийн “Эрх баригчид орон нутгийн сонгууль өнгөртөл намрын чуулганыг түр хугацаагаар завсарлуулах нь” гэх урьдчилсан анхааруулга биеллээ олсон хэрэг байв.
Өмнөх жилүүдэд орон нутгийн сонгууль болдог л байсан, гэхдээ намрын чуулганаа завсарлуулж, ажлаа хойш тавих хүртлээ хууль тогтоох байгууллага нь улстөржсөн жишиг үгүй. Анхны жишгийг М.Энхболдын танхим тогтоолоо. Энэ бол ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ ажил хийхгүй гэсэн үг. Цаашлаад дуртай үедээ чуулган зарлаж, дургүйгээ хүрэхээр чуулганыг завсарлуулах жишиг тогтож буй хэрэг. 65-ын эсрэг есөн гишүүн яаж ч бархираад амжилт олохгүй. “Хол очиж хуц” л болно.
УИХ-ын намрын чуулганыг нээгээд ердөө долоо хонож буй. Улсын нэгдсэн төсөв, Мөнгөний бодлогыг тодорхой цаг хугацаанд багтаан батлах үүргийг УИХ хүлээдэг. Ийм байтал хуулиар хүлээсэн үүргээ умартан, сонгогчдынхоо итгэлийг хөсөр хаян чуулган завсарлуулах болсон гол шалтгаан юу вэ?.
УИХ-ын даргын захирамжид тодотгосноор 2017 оны төсвийн хуулийн төслөөр ард түмний саналыг сонсох зорилгоор намрын чуулганыг түр завсарлууллаа гэжээ. Үнэндээ бол хөгийн л арга ядсан тайлбар юм.
Сарын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хүүхдийн мөнгийг алагчилж олгохоо эцэг, эхээс асуугаагүй, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хүчингүй болгохыгоо ахмадуудаас асуугаагүй, Эрүүгийн хуулийн шинэчлэл, түүнтэй холбоотой багц төслүүдийг буцаан татахдаа ард түмнийхээ үгийг урьдчилж сонсоогүй байтлаа 2017 оны төсвийн хуулийг хэлэлцэх болохоор саналыг нь сонсох болж гэнэ дээ. Ёстой нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа болж буй юм биш үү.
Түүндээ тулбал, УИХ-ын даргын захирамж гараагүй байхад л УИХ-ын гишүүд тойргоо зорьсон. Үүнээс болж өнгөрсөн долоо хоногт байнгын хороодын хуралдаан зарлахад ирц нь бүрдэхгүй сунжирч, арай чүү л хуралдсан. Нэг дэд хорооны хуралдаан ирцгүйгээс бүр хойшилсон.
Нэг нам дангаараа эрх барихаар хууль тогтоох байгууллагын ажил нэлээд эрчтэй урагштай явах болов уу гэтэл харин ч эсрэгээрээ унтаа байдалд орлоо.
Өнгөрсөн парламентад өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байхдаа “Эрх баригчид чуулган, байнгын хорооныхоо ирцийг бүрдүүлээд ажлаа аваад явах ёстой болохоос биш, цөөнх ирц бүрдүүлэх ёсгүй” гэдэг тайлбар хийдэг байсан. Тэр үед УИХ Ардчилсан намын бүлгийн 35, МАН-ын бүлгийн 26, ИЗНН-ын хоёр, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн 10, бие даагч гурван гишүүнтэй ажилладаг байв.
Одоогийнхтой харьцуулахад зөрүү их. Гэтэл өнөөдөр 76 суудлын 65-ыг нь эзэгнэчихээд нэг бол хуралдаа ирэхгүй, эс бол эрх мэдлээрээ далайлгаж чуулган завсарлуулчихаад үндсэн ажлаа цалгардуулж явааг нь байх ёстой зүйл гэж хүлээж авсаар байх юм уу.
Ард түмэн эрх баригчдаас хуралдаа суусан шиг сууж, хуулиа хэлэлцсэн шиг хэлэлцдэг болохыг яг одоо шаардаж, бас хариуцлага нэхэх цаг иржээ.