Дээл урлаж, гутал загнахыг дээд сургуульд заах уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

Дээл урлаж, гутал загнахыг дээд сургуульд заах уу?

Оюутан гэх тодотгол нь ч томдмоор 15-17 насны хүүхдүүдийг сар тутмын тэтгэлгээс хоцроосон шалтгаан нь тэд сонгуульд өгдөггүйтэй холбоотой юм биш биз гэсэн хардлага эрхгүй төрнө-

БАРИМТ 1.

  • Улаанбаатар хотод 500 гаруй  автозасварын газар байгаагийн 75-80 хувийг вьетнамчууд ажиллуулдаг.  Тэдгээрт  автомашины засвар үйлчилгээний тогтсон үнэ тариф байхгүйгээс амандаа багтсан үнээ хэлдэг. Дээр нь ямар ч баталгаа өгөхгүй. Монгол ажилтантай вьетнам засвар байдаггүй учир тэдний орлогыг тооцох боломжгүй, боломжгүйн хэрээр татварт хамрагдахгүй үлддэг.

БАРИМТ 2.

  • Эзэгтэй бүр дээл, хувцсаа оёод өмсчихдөг байсан цаг аль хэдийнээ ард үлдэж, дээл урлах нь бүү хэл өмдний шуумаг хасдаг эзэгтэй тун цөөн болсон. Гэртээ оёдлын машингүй айл өрхийг тоолсноос машинтайг нь тоолох нь хамаагүй амар.

БАРИМТ 3.

  • Гутал засваргүйгээр амьдрах аргагүй болсон цаг үе. Гутлыг зөвхөн засаад, загнаад зогсохгүй, бүр капитал засварт оруулах шинэчилдэг болжээ. Түрийг нь хасч, томруулж, хоншоорыг нь богиносгож уртасгахаас эхлээд өнгө будгийг нь өөрчлөөд нэг гутлыг нэг хэсэг өмсөхөд гутал засварчид л тусалдаг.

Хүмүүст хамгийн ойр  дээрх гурван үйлчилгээний газруудад их, дээд сургууль төгссөн инженер, техникийнхэн  биш  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д суралцан ажлын дөр суусан мэргэжилтэй ажилчид л ажиллаж, нийтийн үйлчилгээний салбарыг үүрч дүүрч явдаг. Дээр нь барилга, хөдөө аж ахуй, нийтийн хоол, хөнгөн үйлдвэрлэлийн салбарууд тэр чигтээ мэргэжилтэй ажилчдын нуруун дээр тогтож байна.  Энэ хичээлийн жилийн эхэнд  Монгол Улсын хэмжээнд  мэргэжлийн боловсрол сургалтын салбарт төрийн болон хувийн хэвшлийн 91 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, Политехник коллеж нээлтээ хийжээ.  Харин эдгээрээс чухам хэд нь ирэх хичээлийн жил хүртэл тэсч үлдэхийг хэлж мэдэхээргүй байдал үүсээд байна.

Учир нь хувийн хэвшлийн МСҮТ-д төрөөс олгодог хувьсах зардал хийгээд суралцагчдад нь хаягласан тэтгэлгийг “тэвчиж болох зардал”-д тооцон хасах шийдвэрийг Засгийн газар, УИХ-аас  гаргаад байгаа юм. Хамгийн гайхалтай нь их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сар тутам олгодог 70 мянган төгрөгийг 2015-2016 оны хичээлийн жилийг дуустал олгосон хэр нь МСҮТ-ийн оюутнуудыг ялгаварлан үлдээжээ. Тэд 2016 оны нэгдүгээр сараас хойш тэтгэлэг аваагүй байгаагаас тэтгэлгээ яаралтай нөхөж авах, сургуулиудад олгодог хувьсах зардлыг ирэх оноос хасахгүй байхыг шаардаж тайван жагсаалыг саяхан  /2016.10.07/ хийсэн юм. МСҮТ-ийн хувьсах зардал олгогдоогүйгээс багш ажилтнууд нь  цалингүй ажиллаж эхэлснийг жагсаалд оролцогчид хэлж байлаа. Тэд хэдий болтол хөлсгүйгээр хөдөлмөрлөх вэ. Ард нь амьдрал, үр хүүхдүүд нь хүлээж байгаа.

УИХ-ын ээлжит бус чуулганаас гаргасан шийдвэр хамгийн хүндээр тусч буй бүлэг бол мэдээж МСҮТ-д суралцагч хүүхдүүд. Оюутан гэх тодотгол нь ч томдмоор 15-17 насны хүүхдүүдийг сар тутмын тэтгэлгээс хоцроосон шалтгаан нь тэд сонгуульд өгдөггүйтэй холбоотой юм биш биз гэсэн хардлага эрхгүй төрнө. МСҮТ-д суралцагч 42 мянган хүүхдүүдийн 60 хувь нь хагас болон бүтэн өнчин, эсвэл эцэг эх, өвөө эмээгийнхээ аль нэгтэй нь л амьдардаг, төлбөрийн чадвар муутай, амжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд байдаг ажээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас соёрхон баталсан Хүүхдийн эрхийн конвенцид манай улс 1990 онд нэгдэн орсон байдаг. Энэ дагуу 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж үзэхийн зэрэгцээ хүүхдийг арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, мэдлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй байх үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээсэн билээ. Гэтэл МСҮТ-д суралцагчдын 90 хувь нь сонгуулийн нас хүрээгүй нь тэтгэлэг олгохгүй байх, сургуулиудынх нь хувьсах зардлыг хасах шалтгаан болчихсон байхыг үгүйсгэх аргагүй болчихоод байна. 15-16-хан насандаа оюутны ширээнд шилжсэн тэдгээр хүүхдүүдийн цөөнгүй нь МСҮТ-ийн тэтгэлэг болоод ажлын талбарт эрт гарч, цалин мөнгөтэй залгадагт нь болсон гэдгээ нуухгүй байгаа юм.

Мэргэжилтэй ажилчин бэлтгэнэ зөвхөн 42 мянган суралцагчийн нийгмийн асуудлыг шийдэх төдий хэрэг биш юм. Улс үндэстний эрх ашиг ч гэж томруулан тодотгож болох энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол дээл урлах, гутал засахыг их дээд сургуульд заахгүй нь тодорхой. Хэнээр үсээ засуулж, үдийн ундаа бэлдүүлэх гэж МСҮТ-ийг, тэнд суралцагч хүүхдүүдийн өмнө тулагмдсан асуудлыг  арын эгнээнд  үлдээнэ  вэ. Монгол Улс мэргэжилтэй, ур чадвартай  ажилчин ангийг бодлоготойгоор бэлтгэж эхлээд хагас зуун жил болж байгаа юм. Энэ жил анхны МСҮТ /хуучны ТМС, техникум/-үүд 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд тэдгээр сургууль төгсөгчид манай улсын нийгэм эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Дурсамж шигтгэхэд зах зээлд шилжсэн 90-ээд оны шуурганд хамгийн бага өртсөн хүмүүс бол МСҮТ төгсөгчид. Тэд хийдгээ хийж, урладгаа урласаар хүндхэн он жилүүдийг гэдэс цатгалан туулсан төдийгүй өнөөдөр ч мөр бүтэн аж төрсөөр байна. Арван жилийн сургуульдаа тааруухан сурдаг байсан хүүхдүүд өнөөдөр дориухан аж төрж байгаагийн нууц ердөө л “Гар хөдөлбөл ам тосддог”-ийнх юм.

Эхэнд өгүүлсэн автомашины засварын вьетнамчуудад байдгаа баран байж төмөр хүлгээ засуулах биш монголчууддаа итгэн даатгаж байхын тулд, үндэсний бахархал гээд байгаа дээлээрээ гоёхын тулд, үс зүсээ үргэлж өнгөлөг байлгахын тухайд, амттай хоолыг гадаадад гарч биш эх орондоо амтархан зооглохын учир, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараа дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлэхийн үүд хаалга нь МСҮТ, тэнд суралцагчдыг дэмжих ганцхан зам юм шүү дээ.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж