660 мянган хүүхэд мөнгөө авчээ

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

660 мянган хүүхэд мөнгөө авчээ

-Телевизор, сахлын машин нь амьжиргааны төвшин тогтоох үзүүлэлтэд ашиглагддаггүй-

Өрхийн амьжиргааны төвшнөөрөө босго онооноос доогуур орсон 660 мянган хүүхдэд мөнгийг нь олгож эхэлсэн талаар өнөөдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Нийгмийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Мандхай “Хүүхдийн мөнгөний олголт зохицуулалтыг Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох журам”-ын хийдэг. Өнөөдрийн хувьд эдийн засгийн нөхцөлөөс үүдэн УИХ-ын 31 дүгээр тогтоол гарсан. Энд 0-18 насны хүүхдэд мөнгө олгохдоо хоёр ангиллаар өгөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд босго оноо тогтоох журам гаргасан. Ингээд өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж буй амьжиргааны төвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж буй 660 мянган хүүхдэд 7,8,9 дүгээр сарын мөнгийг нь хуучин жишгээр олгож эхэлсэн. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд мөнгийг нь 2019 оноос олгоно” гэж мэдээллээ.

Энэ үеэр иргэдийн дунд үүсээд буй “Өрхийн амьжиргааны төвшин тогтоох” судалгааг хэрхэн хийж, яаж босго оноо тогтоосон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төслийн зорилтот хүрээг тодорхойлох үндэсний зөвлөх Р.Олонбаяраас тодрууллаа.

-Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг яаж хийсэн юм бэ. Босго оноог хэрхэн тогтоосон бэ?

-Өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлох судалгаа гэдэг нь Монгол Улсын хэмжээн дэх зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээ тусламж зохион байгуулахад зориулан гаргасан Засгийн газрын зорилтот үйл ажиллагаа юм. Энэ ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт 2008 оны Засгийн газрын үеэс хийж эхэлсэн. Ингээд амьжиргааны төвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтсан өрхүүдэд хүүхдийн мөнгө олгож байна. “Яагаад 502.567 гэсэн босго оноог тогтоож байна вэ” гэх асуулт их ирлээ. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас зарцуулах үйлчилгээний нөхцөл, зарцуулах хөрөнгийн хэмжээ, хүний тоонд нийцүүлэн босгыг тогтоодог. Энэ удаагийнх нь 502.567 болж таарч байгаа юм. Босго оноотой холбоотойгоор иргэд хүсэлт гаргаж болно. Иргэд хорооныхоо хөдөлмөр халамжийн мэргэжилтэнд хандаж аль хэсэгт багтсан гэдгээ мэдэж болно.

Мөн иргэдийн зүгээс энэ судалгаагаа дахиж шинэчлэх үү, өнгөрсөн хугацаанд өрхийн амьжиргаа дээшилсэн байх магадлалтай гэж хэлж байгаа. Тийм ээ, бид гурав дахь удаагийн судалгаагаар мэдээллийн санг шинэчлэхээр ажиллаж байна.

-Өрхийн амьжиргааг тогтоохдоо ямар үзүүлэлтийг тооцдог юм бэ, иргэдийн хувьд хөргөгчтэй, зурагттай бол шууд хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байна гэх юм?

-Үндэсний статистикийн хорооноос өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа гаргадаг. Энэ судалгаанаас өрхийн амьжиргаанд хамгийн их нөлөө үзүүлж буй үзүүлэлтийг сонгон авч амьжиргааны төвшин тодорхойлох судалгааг хийдэг. ҮСХ гурван жилд нэг удаа энэ үзүүлэлтээ шинэчилдэг. Энэ шинэчлэлийг дагаж өрхийн амьжиргааны судалгаагаа  ч гэсэн гурван жилд нэг удаа шинэчлэх байдлаар ажиллаж байна.

-Ямар шалгуур, үзүүлэлтээр өрхийн амьжиргааг тогтоож байна вэ?

-Телевизортой, сахлын машинтай бол энэ айл баян гэж тооцогдлоо гэж мэдээллийн хэрэгслээр гарч байгааг харсан. Гэхдээ телевизор, хөргөгч нь амьжиргааны төвшин тодорхойлох үзүүлэлтэд ашиглагддаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн иргэний бичиг баримтад үндэслэн хүүхдүүдийг бүртгэдэг. Тухайн ам бүлийн гишүүн, насны хязгаар, гишүүдийн боловсролын түвшин, гэр бүлийн тав тухтай байдлыг хангасан үзүүлэлт, ажил эрхлэлт, боловсролын байгууллагын үйлчилгээнд хамрагдалт, хөгжлийн бэрхшээл, боловсролын түвшин гэх мэтчилэн олон хүчин зүйлийг багцаар нь ашиглаж амьжиргааны төвшинг тодорхойлдог.

Энэ аргыг зөвхөн Монгол Улс ганцаар хийгээгүй. Шилжилтийн үеийн бүх улс, Латин Америк, Зүүн өмнөд Азийн гээд олон оронд ашигладаг.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж