Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн
“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эцсийн шийд гараагүй гэв
- Өнгөрсөн сард тамхины үнэ 1,1 хувь, согтууруулах ундааны үнэ 0,5 хувиар өссөн гэдгийг ҮСХ-ноос мэдээлсэн байна.Мөн боловсролын үйлчилгээний салбар 2,5 хувиар, эмнэлгийн үйлчилгээний салбар 5,5 хувиар өсчээ.
- Замын цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Б.Даваазул томилогджээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт /2016.10.07/ шинэ үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авсан байна. Б.Даваазул нь Орхон аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ. Тус газрын хуучин дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар Цагдаагийн ерөнхий газрын авто баазын даргын албан тушаалд очжээ.
- Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар /ЗЦГ/-аас хамгийн их машин зорчдог дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүйгээр баруун гар тийш чөлөөтэй эргэх журам боловсруулж, энэ долоо хоногоос эхлэн туршиж байгаа билээ. Энэ хүрээнд “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэсэн замын тусгай тэмдэглэгээг Баруун, Зүүн дөрвөн зам, Саппоро, “Гэсэр” сүм гэсэн дөрвөн уулзварын баруун эргэх боломжит чиглэлд байршуулж, баруун эргэх гэрлэн дохиог байнгын асаалттай байлгадаг болжээ.
- Монгол Улс Олон улсын валютын сан /ОУВС/-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилсан хэлэлцээ явуулж байгаа. Аравдугаар сарын 20-ны үед ОУВС-гийн ажлын хэсэг Монголд ирж ажиллана. Сангийн яам, Монголбанк, холбогдох бусад санхүүгийн байгууллага дээр ирж ажиллаад, түүний дараа дүгнэлтээ танилцуулах байх. Үүний дараа л шийдвэр тодорхой болно хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тэрбээр Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил болох гэж байна. Өмнө нь шүүхэд итгэх итгэл 20 орчим хувьтай байсан бол одоо гурав дахин нэмэгдсэнийг онцолжээ.
- Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд буюу хурандаа нарыг маш нууцын зэрэглэлтэй хэрэгт буруутган, Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн байна.
- Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурьдсанаар 2016 оны эхний есөн сард улсын хэмжээнд 21105 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 129 хэрэг буюу 0,6 хувмар өссөн үзүүлэлт юм байна. Гэмт хэрэг дундаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 416-аар, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 394-өөр нэмэгдсэнийг статистикт дурджээ.