
-Албадан саатуулагдаад байгаа “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр, Г.Дашдэмбэрэл нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон. Таныг өмгөөлөгчөөрөө авахыг санал болгосон гэж дуулсан юм байна?
-Долдугаар сарын 1-ний хохирогч Ц.Энхбаярын гэр бүлийн хүн нь намайг өмгөөлөгчөөрөө авах санал тавьсан. Миний хувьд цаг зав тааруу байсан тул эхний ээлжинд очиж уулзаад эрх зүйн зөвлөгөө өглөө. Асуудлын гол нь зургадугаар сарын 23-нд гаргасан 30 хоногоор албадан баривчлах шүүхийн шийтгэвэрийг эсэргүүцэж байгаа. Саатуулагдах хугацаа энэ сарын 23-нд дуусах байсан ч албадан эмчилгээнд орсон хоногийг нь нөхөж баривчилгааны хоногт оруулахаар болсон юм билээ. Миний хувьд Чингэлтэй дүүргийн прокурорт хандахыг зөвлөсөн. Хэрэв прокурор хэргийг нааштайгаар шийдэхгүй бол дээд шатны прокурорт хандах хэрэгтэй гэж хэлсэн байгаа.
-“Гал үндэстэн” холбооныхныг баривчлагдсан цагаас тэдэнд өмгөөлөгч олдохгүй хэцүү байгаа тухай ар гэрийнхэн нь ярьж байсан. Та яагаад өмгөөлөөгүй юм бэ. Ямар нэг өөр шалтгаан байна уу?
-2008 оны долдугаар сарын 1-ний хохирогч гэдгээр нь би Ц.Энхбаяр гуайг мэднэ. Миний хувьд 7-р сарын 1-ний хэрэг явдлын үеэс л эхлэн уг асуудалтай холбоотойгоор стратегийн болон биет өмгөөлөл хийсэн. Та нар мэдэж байгаа. Ж.Батзандан, О.Магнай нарыг баривчлах үед зандачлах асуудлаар зүйлчлэх нь буруу гэж яриа өгч байсан. Дараа нь насанд хүрээгүй хүүхдүүдийг баривчлахад улс төрийн хэргээр яллах ёсгүй гэдэг асуудлыг тавьж байлаа. Хохирогчдын эрхийн асуудлаар ч үзэл бодлоо илэрхийлэн 15 настай хүүхдийг шүүхээр цагаатгуулж байсан. Харин Ц.Энхбаяр гуайг албадан саатуулсан асуудалд анхнаасаа ажиллаагүй, албадан саатуулагдах хугацаа нь дуусах шатандаа орсон учраас өмгөөлөгчөөр ороод дэмий гэж үзсэн.
-“Гал үндэстэн” холбооныхныг цагдан хорьсон нь хууль бус гэж тэд мэдэгдэж байгаа. Хуульчийнхаа хувьд хууль бус гэдэгтэй санал нийлэх үү?
-Хувь хүнийхээ хувьд тэднийг өрөвдөх сэтгэл төрж байгаа. Би өөрөө ч төрийн байгууллагын албан тушаалтанд гүтгүүлээд явж байсан хүн. Тэр ч байтугай Сүхбаатар дүүргийн цагдаа намайг хууль бусаар, 10 мянган төгрөгөөр торгосон. Хууль бус гэдгийг нь шүүхээс тогтоочихоод байхад өнөөдрийг хүртэл торгуулийнхөө мөнгийг буцааж өгөөгүй л байна. Мөнгөндөө чухал нь байгаа юм биш, шүүхийн шийдвэрийг төрийн алба хаагч биелүүлэхгүй байгаад л учир байгаа юм. Бас манай ажлын байранд хулгай орсныг өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэг үүсгэхгүй явж л байна. Тэгэхээр ямар нэг байдлаар үзэл бодлоо илэрхийлэхэд дургүйцэх нэг хэсэг байхад зарим нэг нь тухайн хүмүүсийг буруутгах үндэслэлээр ханддаг. Би Ц.Энхбаяр гуайд жижиг ч гэсэн алдаа гаргахгүй байхыг сануулсан. Яагаад гэвэл та бүхэн олны өмнө ил байгаа учир жижиг алдаа ч том болж харагдана гэдгийг хэлсэн. Жишээ нь, тэд нарыг төрийн ордны цонх хагалсан хэрэгт буруутгаж байна. Ядаж тэр цонхны эзэн хэн болохыг эхлээд тогтоох хэрэгтэй шүү дээ. Төрийн хамгаалалтын албаных юм уу, өрөөнд нь суудаг хүн юм уу, эсвэл төр өөрөө цонхны эзэн юм уу гэдгийг тодруулах ёстой. Хэн гомдол гаргаад байгааг олж тогтоогоорой гэсэн. Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага эд зүйл хулгайлвал эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж заасан байгаа. Тэр цонх хэдэн төгрөгийн үнэтэй юм бол. Өнөөдөр энэ асуудалд захиргааны хэрэг үүсээд явж байгаа нь хачирхалтай. Үнийг дүнгээр нь харьцуулаад байгаа биш өнөөдөр хүний эрх хэдэн төгрөгөөр хэмжигдээд байгааг харж болохоор байгаа юм. Төрийн албан хаагч үүргээ биелүүлэх ёстой. Төрийн ордны цонх руу нум сумаар харвах үйлдлийг яагаад таслан зогсоогоогүй юм. Тэнд цагдаа болон бусад хүчний байгууллагынхан хараад зогсож байсан шүү дээ. Жагсагчид төрийн хамгаалалтын бүс рүү орсон бол бид хамгаална гээд тэнд зогсч байгаа биз дээ. Тэд нар хамгаалаагүй хариуцлагыг өөр хүмүүст тохчихлоо. Дэлхийн жишигт иргэн хүн хуулиараа хориглоогүй бол бүхнийг хийж болно. Харин төр хуулийн хүрээнд л байх ёстой гэж. Хэрэв төр хуулийн дагуу ажиллаагүй бол төрийн албан хаагчийн бурууг иргэн хүн үүрнэ. Тэгэхээр энэ асуудал маргаантай болоод ирлээ. Нэгэнт тэднийг шүүх албадан саатуулах ёстой гээд шийтгэвэр гаргасан учраас би хүндэтгэж байгаа юм. Цаашдаа маш болгоомжтой бөгөөд хуулийн дагуу яваарай гэх зөвлөгөө өгсөн дөө.
– Дээд шүүх МАХН-ын нэрийг бүртгэсэн ч МАН-аас эсрэг мэдэгдэл гаргасаар байсан. Харин нэрний асуудлаар Ерөнхий шүүчг Ц.Зориг өчигдөр мэдэгдэл гаргалаа. Одоо МАХН-ын бүртгэлийн асуудал маргаангүй болж чадсан уу?
-Намын бүртгэлтэй холбоотой асуудалд хууль зүйн үүднээс тайлбар өгч байсан. Дээд шүүх нэгэнт шийдвэрээ гаргасан болохоор шүүхийн өмнүүр орж тайлбар хийх нь илүүц биз. Ерөнхий шүүгч өөрөө тайлбараа өгсөн байна лээ. Уг нь тайлбар өгөх хууль зүйн үндэслэл байхгүй ч хүндэтгээд тайлбар өглөө гэсэн байна. Үнэхээр зөв тайлбар боллоо гэж би хувьдаа бодож байна. Хүн бүр хуулийн дор тэгш эртхтэй байх ёстой гэдгийг баталгаажуулж өгсөн. Цаашдаа бол МАН-ын зүгээс элдэв мэдэгдэл, өргөдөл гомдол гарах үндэсгүй боллоо.
-МАХН-ын бүртгэлийн асуудалд хуулийн зөвлөгөө өгч, хэвлэл мэдээллээр тайлбар хийсэн нь олны анхааралд өртөх сонирхолтой холбоотой юм биш үү?
-Би анхаарлын төвд ороод байгаа биш, энэ асуудлууд өөрөө анхаарлын төвд байгаа юм. Ө.Хэрлэнчимэгийн хэрэг өөрөө олон нийтийг цочирдуулсан, анхаарал татсан хэрэг байсан. БНСУ-д бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан Ганцэцэг бүсгүйн тухай бүх нийтээрээ цочирдож хүлээн авч байлаа. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ
-Тэгвэл та яагаад олон нийтийн анхаарал татсан хэргүүдэд өмгөөлөл үзүүлдэг юм бэ. Ямар нэг ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй юм?
-МУИС-ийг төгссөнөөсөө хойш хэдэн жил багшлаад, сүүлийн жилүүдэд хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна. Ихэвчлэн сул дорой, ядарсан хүмүүст зөвлөгөө өгдөг. Энэ нь миний хувь хүний үзэл бодолтой холбоотой. МАХН-ын хувьд ч ялгаагүй шүү дээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр иргэн хүн, тус намд үнэнчээр үлдсэн хүмүүс ч настайчуул. Миний өмгөөлөл хийсэн, асуудлууд дандаа шударга ёсны талд байсан болохоор олны анхаарлыг татдаг байж магадгүй.
-С.Молор-Эрдэнэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээс шийдсэн. Энэхүү шийдвэрийг МАХН-ыг бүртгэсэн нь хууль бус үйлдэл гэх утгатай мэдээлэл гарсныг та юу гэж үзэж байна вэ?
-Иргэн хүнийг иргэн хүн, эсвэл хуулийн этгээд шүүхэд өгөөд хоорондоо эвлэрээд нэг нь шүүхэд гомдол гаргахаа болъё, нөгөөх нь гомдлыг нь зөвшөөрөе гээд эвлэрсэн асуудал шүү дээ. Эвлэрсэн асуудлыг буруу ташаа байдлаар шүүхийн өмнөөс зохион байгууллалтай мэдээлэл гаргаж байсан бол үнэн. Ард түмэн тэнэг биш. Иймэрхүү мэдээллийн аль нь үнэн зөв болохыг ялгаж салгана. Иргэн хоорондын асуудал хуулийн этгээдийн бүртгэлтэй огт холбоогүй.
-МАХН-ын нэрийг Дээд шүүхэд бүртгүүлснээр таны байр суурь дээшилсэн үү?
-Өмгөөлөгч хүн янз бүрийн хэргийг өмгөөлнө. Монголчууд муу хүнийг өмгөөлвөл муу хүн, сайн хүнийг өмгөөлвөл сайн хүн гэж хардаг хамгийн буруу. Энэ бол зүгээр л ажил.Хэрэв МАХН нэрийг авах ямар ч хууль зүйн боломжгүй байсан бол цагийг нь алдуулж, хоосон итгэл найдвар төрүүлэх шаардлагагүй. Хууль зүйн боломж нь байна гэдгийг хараад, түүндээ итгэл үнэмшилтэй байсан учраас өөрийнхөө гаргалгааг тавьсан. Гэхдээ ганцаараа хийгээгүй. Хууль зүйн сайд Цог гуайгаас эхлээд мэргэжлийн хуульчидтай багаар ажилласан нь үр дүнгээ өгсөн.
-МАХН-ын нэрийг бүртгүүлэх асуудалд оролцсон, бүртгүүлсний дараа танд дарамт шахалт ирсэн юм уу. Та тагнуулын байгууллагад хандахаа мэдэгдэж байсан?
-Би иргэн хүнийхээ хувьд гэмт хэрэг байж болзошгүй гэж хардаж байгаа юм. Гэхдээ тийм байсан, тийм байгаа гэж бодохгүй байна.Харин тийм биш байгаасай гэж хүсч байгаа юм л даа. Заавал намаас ирсэн гэж бодохгүй байгаа. Яагаад дарамт шахалт гэж хардаад байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Монголд олон хүн рекитлүүлсэн тухай ярьдаг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын амь насанд халдахыг заналхийлсэн тухай яриад л өнгөрсөн. Тагнуулын байгууллагад хандсан гэж дуулсан. Түүнд хэрхэн хариулсаныг хэн ч мэдэхгүй байна. Тиймээс нийгэмд яриагдаад байгаа асуудалд тухай бүрт нь хариуг нь өгч байх ёстой. Ядаж л тэр төрийн байгууллагуудын хэвлэлийн албууд хариу өгч баймаар байна. Тэгэхгүй болохоор хүн бүрд хардахаас өөр арга байхгүй болж байна. Дахин хэлнхэд би МАН-тай холбож яриад байгаа хэрэг биш. Нийгэмд ойлгомжгүй, аймшигтай асуудал зөндөө гарч байна.
-Ажлын байранд хулгай орсон гэх мэдээллийг өөрөө зориудаар зохион байгуулсан гэж хардах нэгэн бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Надад зориудаар тийм мэдээлэл цацах хэрэг байхгүй. Худал мэдээлэл цацсан гэж байгаа бол намайг гэмт хэрэгтэн гэж хэлснээс ялгаагүй. Гэмт хэргийн талаар худал мэдээлэл өгөх гээд эрүүгийн хуулинд бий. Бусдыг тэгэж гүтгэж болохгүй шүү дээ. Харин би хэнийг ч гүтгээгүй. Хариу өгөхгүй болохоор би хардаад байгаа юм. хулгай орсон, гэрчтэй, цагдаагийнхан үзлэг хийсэн. Намайг тэгэж гүтгэж болохгүй. Хуулийн байгууллага шалган тогтоох үүрэгтэй. Харин бид хуулийн байгууллагадаа итгэх хэрэгтэй гэж үздэг. Тэгсэн цагт зөв нийгэм, зөв харилцаа үүснэ.
-Таны ярианаас дарамтлуулж, рекитлүүлээд байж магадгүй гэж ойлголоо. Өмгөөлөгчдийн холбоо танд сануулга өгөх юмуу, анхаарал тавьж байх юмуу?
-Өмгөөлөгчдийн холбооны нэг том үүрэг нь өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах. Энэ аймшигтай нийгэмд өмгөөлөгчдийг хамгаалдаг газар байна уу. Цагдаа, шүүгч, прокурорыг төр хамгаалж байна. Өнөөдөр өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл эрхээ хасуулаад, албадан саатуулагдлаа. Үнэхээр сэтгэл эмзэглүүлэм асуудал байхгүй юу. Монголын нийгэмд өмгөөлөгчид иргэний эр зориг гарган ажиллаж байна. Магадгүй хэвлэлд ярилцлага өгснийхөө дараа ямар ч хэрэгт унаж мэдэх тийм л нийгэм. Хууль зүйн яам, Өмгөөлөгчдийн холбоонд шүүмжлэлтэй ханддаг.
-Г.Дашдэмбэрэл өмгөөлөгчийн давж заалдах хуралд өмгөөлөгчдийн холбооныхон оролцсон гэсэн. Өмгөөлөгчийнхөө төлөө санаа тавьж байгаа хэлбэр биш үү?
-Очиж болно. Гол нь прокурорт гомдол гаргахгүй яасан юм бэ. Хэвлэлийн хурал зарлахгүй яасан юм. Өмгөөлөгч үргэлж гуравдагч хүний төлөө явж байдаг. Тэднийг хоёрдогч, юмуу нэгдэгч хүнтэй холбож яриад байх шаардлагагүй. Жишээ нь өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл олон хүнийг өмгөөлж л байгаа шүү дээ. өмгөөлөгчийг зогсоож байна гэдэг хуулийн харилцааг нь тасалж байгаа хэрэг. Г.Дашдэмбэрлийг Сахилгын хороонд өгсөн, эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд яриад байгааг гайхаад байна. Яагаад гэвэл өмгөөлөл хийж байгаа асуудлаасаа болж эрүүгийн хэрэгт орооцолдоно гэдэг байж боломгүй асуудал. Дэлхий харж байгаа. Монгол Улс дэлхийн нэг гишүүн биз дээ. Мөрдөн байцаагч миний үнэмлэхийг урсан гэж ярьсныхаа төлөө эрүүгийн хэрэгтэн болоод байгааг юу гэж ойлгох вэ. Үнэмлэх урсан гэж ярьсан нь нэр төрд халдсан юмуу, тэр хүнд ямар хохирол учирсан юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Цагдаагийн байгууллагын нэр хүндийг татвар төлөгчид гутааж чадахгүй. Тиймээс албан тушуулын нэр хүндийг татвар төлөгч гутаадаггүй. Харин тэд өөрсдөө л тангаргаа сахин ажиллах ёстой. Иймээс би хувьдаа албан тушаалын нэр хүнд гэхээсээ хувь хүний нэр хүнд гэсэн ойлголтыг илүүд авч үзэх ёстой гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.