“Ө.Тэргэл хүү шулганаарай”

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

“Ө.Тэргэл хүү шулганаарай”

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ үед “Алтжин” бөмбөгөр захын үүдэнд хүүхдээ тэвэрсэн хөгжлийн бэрхшээлтэй ээж, тусламж хүсэн сууна. Түүнийг харсан хэний ч сэтгэл эмтэрмээр. Тэд өмнөө “Тэргэл хүүд минь сонсгол хайрлана уу” хэмээх бичигтэй хандивын хайрцаг байрлуулжээ. Тусламж хүсч буй бяцхан хүү одоо ой таван сартай. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 22-нд нийслэлийн Өргөө амаржих газарт мэндэлсэн бөгөөд амьсгалын дутмагшилтай, баруун чихний суваг битүү, сонсголын бэрхшээлтэй төржээ.

Төрөлхийн дүлийг аль болох бага байхад нь баруун чихэнд нь “Bonebridge” хэмээх хагалгааг хийлгэвэл хэлд орох, сонсголтой болох боломжтой гэнэ.  Энэхүү хагалгааг Малайз улсад 20 мянган ам.долларын зардлаар хийх бөгөөд Малайзын Чих, хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар хоолойн зөвлөх эмч Л.Бямбасүрэн, “АID” чих, хамар хоолой сонсгол суулгацын анхны төвийн захирал Н.Асралт нар уг хагалгааг хийнэ гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн байна.

Бяцхан Ө.Тэргэл хүүгийн ээж Д.Уянгатай уулзахаар очих үед хүү нь унтаж байв. Тэдний дэргэд танилцуулга самбар байрлах бөгөөд самбар дээр гурван хүүгийнхээ хамт авхуулсан зураг болон бяцхан Ө.Тэргэл хүүгийн инээж буй зураг байх аж.

Хүүгийн ээж Д.Уянга нь 2008 онд автын осолд орж, хөдөлмөр эрхлэх чадвараа 70 хувь алджээ. Тэрбээр осолд орсноос хойш тав, гурав, нэг настай гурван сайхан хүүгийн ээж болжээ. Тэрбээр унтаж буй хүүгээ үнэрлэн, нулимс цийлэгнүүлэн сууна. Ө.Тэргэлийн тухай ээж нь “Өдөр ирэх тусам хүүгийн маань бие хүндэрч байна. Хүү маань өдөрт эмээр л аргацааж, унтдаг. Хэрвээ би эрүүл байсан бол энд ингэж суухгүй. Хүүгийнхээ төлөө ажил хийж хөдөлмөрлөмөөр байна. Би мөнгөгүй нь улмаас аавыгаа алдсан. Одоо би хүүгээ дахин алдмааргүй байна. Тийм учраас аргаа бараад л хүүтэйгээ ийм чимээтэй, хүйтэн газар ингээд сууж байна. Хэдий миний хүү үеийн хүүхдүүдийн адил шулганаж, ярихгүй ч гэсэн их сэргэлэн цовоо зантай. Харин бие нь өвдөхөөр нүднээс өөр юу нь ч хөдөлж чадахгүй болчихдог. Хүүгээ өвдөхөд нь яаралтай түргэн тусламж дуудахаар эмч нар нь “Нөгөө л нэг хүүхэн байна гээд” тоодоггүй. Тэгээд л би шөнөжингөө хүүхдээ тэвэрч хонодог доо” гэв.

Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн оюун сэтгэхгүй хэл яриа нь хөгждөггүй бөгөөд бага дээр нь эмчилж чадаагүйгээс хэлгүй дүлий оюуны чадамжгүй хүн болон өсдөг байна. Тиймээс төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийг гурван нас хүрэхээс нь өмнө оношилж, эмчлвэл бүрэн эдгэрэх боломжтой ажээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ардын жүжигчин Г.Хайдав гуай бяцхан хүүгийн эмчилгээний зардалд зориулан хоёр ч удаа хандивын тоглолт зохион байгуулсан боловч билетээ борлуулж чадаагүй учраас амжилтгүй болсон байна.

Ингээд Ө.Тэргэл хүүгийн ээж Д.Уянгатай хэсэг ярилцсан юм.

– Хүйтэн сэрүүний улирал эхэлж байна шүү дээ. Та хоёр энд хэзээнээс суух болов?

-Би хүүтэйгээ энэ захын үүдэнд 14 хоног сууж байна. Хүмүүс бидэнд сэтгэлийн хандиваа өргөж байна. Монголын иргэдийн амьдрал ч гэсэн хэцүү байна. Гэсэн хэдий ч тав, арван төгрөгөө сэтгэлээсээ бидэнд өгч байгаад талархаж байна.

Өдөрт бага хүүтэйгээ энд суухаар хоёр хүүгийн хэн хардаг юм бэ?

-Би зарим өдөр гарч ирж чаддаггүй юм. Одоо том хүүгээ 24 цагийн цэцэрлэгт явуулж байгаа. Дунд хүүгээ цэцэрлэгт өгөх гэхээр нас нь болоогүй гээд байна. Тийм учраас манай найз хүүг маань харж байгаа. Одоо би гурван сартай жирэмсэн байгаа. Захын үүдэнд суухаар зарим нь хэл амаар доромжилно, дээрэлхэх тохиолдол гардаг. Хэрэв мөнгө маань бүтвэл хоёр хүүхдийг маань харах хүн байхгүй учраас асрамжийн газар үлдээгээд явахаас өөр аргагүй.

-Олон нялх хүүхэдтэй танд дэмжиж туслах ах дүү, хань нөхөр бий юу?

-Би аав дээрээ 24 хоногтой байхаасаа өнчирч хоцорсон. Тэгээд эмээ, өвөө дээрээ өссөн айлын ганц охин. Хожим төрсөн ээжтэйгээ уулзаж, холбоотой байдаг. Гэвч аав маань өнгөрсөн жил элэгний хорт хавдраар нас барсан. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүний дэргэд ямар ч эрэгтэй хүн шантардаг юм билээ. Би тэглээ гээд хэн нэгэнд буруу өгч, өөрийгөө зөвтгөхийг хүссэнгүй. Тэглээ гээд би тэр хүний араас гуйх шаардлага байхгүй. Надад үр хүүхдүүд маань л эрүүл энх байхад хангалттай. Хоёр дахь хүүгийн аав нь надаас 10 ах халамжтай хүн байсан. Одоохондоо тусдаа амьдарч байгаа.

-Та өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, гурван нялх хүүхэдтэй хүн. Хүүгийнхээ эмчилгээний талаар холбогдох байгууллагуудаас тусламж хүссэн үү?

-Энэ хугацаанд хандаагүй байгууллага, хувь хүн гэж байхгүй. Бүгд л утсаа салгаад, зугтацгаадаг. Зарим нь намайг бүр хэл амаар доромжилно. Би хамгийн сүүлд жүжигчин Г.Ундармаа эгчтэй холбогдсон. Г.Ундармаа эгч “Одоо кино зураг авалттай байна сарын дараа дахин холбогдоорой” гэсэн. Тэр хүн сайд нарын хийж чадахгүй байгаа зүйлд өөрийн цаг заваа зарцуулж байдагт учраас их бахархдаг юм.

-Хүүгийн тань эмчилгээний зардалд хэчнээн сая төгрөг хэрэгтэй юм бэ?

-Дунгийн хагалгааг Малайзад хийлгэвэл ойролцоогоор 40-50 сая төгрөг болж байгаа. Би хүүгийнхээ эмч нартайгаа байнга холбоотой байгаа.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж