Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн 600 орчим багачууд цэцэрлэгээ хүлээн гэртээ сууна. Есдүгээр сарын 1-нд үеийн найзууд нь алба албандаа явахаар яарч байхад тус цэцэрлэгийн багачууд л гэртээ суун үлджээ.
Учир нь өнгөрсөн жил тус цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгөөр засч, нэг давхар өргөтгөл нэмэхээр гүйцэтгэгч “Алтан зурлага” компани ажлаа эхлэв… Гэвч төсөв, мөнгийг нь олгоогүйгээс гүйцэтгэгч компани ажлаа орхиж, саатсаар өнөөдрийн дүр зураг зурагдахад хүрсэн нь энэ.
2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр…
Үлгэрийн баатрын цүнх үүрсэн багачууд ээж, аавдаа хөтлүүлэн алхаж буй дүр зураг 95 дугаар цэцэрлэгийн орчимд харагдана. Гэвч тэд 95 дугаар цэцэрлэгийнхэн биш. Ойролцоох цэцэрлэгийн багачууд ийнхүү явж байгаа нь энэ аж. Харин 95 дугаар цэцэрлэгийн гадна барилгын ажилтнаас өөр үзэгдэх хүнгүй, нам гүм. Хаалганы дэргэдэх самбарт “Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил явагдаж байна. Захиалагч Боловсрол соёл шинжлэх ухааны яам, 2015 оны 12 дугаар сарын 15-нд ашиглалтад өгнө” хэмээн бичжээ. Ингэж бичээд тэдний цаг “зогссон” бололтой. Тодорхой зүйл гэвэл цэцэрлэгийн өргөтгөлийн ажил санхүүжилтээс үүдээд орох ёстой хугацаанаасаа ямар хугацаагаар хойшилж, цаашид хэзээ хүртэл хүлээхийг бүү мэд.
Цэцэрлэгийг гаднаас нь ажваас гурав дугаар давхрын гадна тоосгыг л өрөөд орхисон гэлтэй, цонх, хаалга тэр чигээрээ задгай харагдана. Дотогш орвол үүдний манаач удаан сууснаас бээрсэн шинжтэй гадуур хувцастайгаа сууна. Хэдий хүүхдүүд цэцэрлэгтээ ирдэггүй ч багш нар өдөр бүр ажилдаа ирж, зарим үед барилгын ажил хийх ч тохиолдол байдаг хэмээн тэр хэлэв. “Өнөөдрийн хувьд/2016.10,12/ 17.00 цаг болсон тул багш нар ажлаа тараад харьцгаасан” гэлээ.
Аргазүйч У.Оюуннарангийн хэлж буйгаар ойрын хугацаанд хүлээж авахгүйгээ мэдэгдсэн ч энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт 568 хүүхэд бүртгүүлжээ. Гэвч цэцэрлэгийн өргөтгөлийг дуусаагүйгээс тоосжилт ихтэй, дээрээс нь онгорхой цоорхойгоор нь салхи орж байгаа учир есдүгээр сарын 1-нд хүүхдээ хүлээж аваагүй байна. Тэрбээр “Эцэг эхчүүд маань өдөр бүр л утасддаг. Цэцэрлэгийн барилга юу болж байна вэ, хүүхэд харах хүнгүй хэцүү юм аа гээд л ярьдаг” гэв.
Нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгийн мэдээлснээр, өргөтгөлийн засварыг энэ сардаа багтаж дуусгахаар төлөвлөжээ. Энэ сарын 15 гэхэд дуусгана гэж мэдээлсэн ч бодит байдал дээрээ өргөтгөлийн дотор засал огт хийгээгүй байв. Санхүүжилтийг бүрэн шийдвэрлээгүй ч бага багаар гүйцэтгэгч компанид шилжүүлж, улмаар ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Гэхдээ л энэ сарын 15 гэхэд дуусах найдвар харагдахгүй байгааг цэцэрлэгийнхэн хэллээ. Өргөтгөлийн ажил дуусвал цэцэрлэг шинээр 70 хүүхэд нэмэх боломжтой болох юм.
Ийнхүү улсын төсөв хүнд, санхүүжилт байхгүй гэдэг шалтгааны дор цэцэрлэгийн багачууд өнгөрсөн жилээс хойш зутарч эхэлжээ. Тус цэцэрлэгийнхэн өнгөрсөн өвлийг л гэхэд нэг давхрын биеийн тамирын зааланд бүх хүүхдээ оруулж хичээллэн арай гэж давсан гэдгээ учирлав. Бүлэг, нас, ангиар нь хувааж хичээллэх ёстой ч хүүхдүүдийг дааруулахгүй, тоос шороонд даруулахгүйн тулд боломжтой нэг өрөөндөө бүгдийг нь оруулж өвлийг давжээ.
Ямартай ч санхүүжилт нь бага багаар орж байгаа учир ажил дахиж зогсохгүй гэх найдвар тавьж буйгаа цэцэрлэгийнхэн хэлэв. Тэднийд бүртгэлтэй 600 орчим хүүхэд, тэдний эцэг, эх нь ч хоног тоолон хүлээж суугааг цэцэрлэгийнхэн учирлав.
Б.ЗОЛЗАЯА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ