Автобусны картын шинэчлэлтэй холбоотойгоор “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн ажилтан Ц.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-“U Money” карт, автобусны картын системийг шинэчлэх тухай яригдаж байна. Эхний ээлжинд ямар шинэчлэл хийх вэ?
-Эхний ээлжинд гар утсанд карт суулгах ажлыг хийхээр бэлдэж байна. “U Money” карт дотроо чиптэй байдаг. Тэр чипийг гар утасны сим картанд суулгана. Гол нь “NFC” технологийг дэмждэг гар утас байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, “U Money” картыг симэнд нь суулгаснаар сим картны ялтсанд нь тухайн хэрэглэгчийн дугаар гэх мэт мэдээлэл байрлана гэсэн үг. Хажуудах чипэнд автобусны карт байрлана. Автобусны карт барьж явах шаардлагагүй болох юм.
Бид энэ хүрээнд “Юнител” компанитай гэрээ байгуулан, чиптэй сим картаа оруулж ирсэн байгаа. Удахгүй худалдаанд гарна. Харин бусад операторуудтай уулзалт хийж байна. Мэдээлэл солилцох шатандаа явж байна.
-Тэгэхээр утасныхаа сим картыг солиулна гэсэн үг үү?
-Тийм. Тухайн операторууд сим картаа солиулахад үнэгүй гэх мэтчилэн тодорхой урамшуулал зарлах байх. Гэхдээ иргэдийг заавал чиптэй карт ашигла гэж шахахгүй. Одоогийн хэрэглэж буй картаа ашиглах хүсэлтэй бол болно. Шинэчилж ч болно.
-Гар утсанд чип суулгаснаар автобусанд уншуулж болно. Өөр ямар нэг илүү үйлдэл бий юу?
-Гар утсанд холбогдсоноор онлайнаар цэнэглэх боломж нээж байна. Одоо бол заавал “U money” карт борлуулах цэгүүдэд очиж цэнэглэлт хийж байгаа. Үүнийг илүү амарчилж интернэт орчинд цэнэглэлт хийж болох юм.
-Чип суулгаж, өдөр тутам автобусанд уншуулж явахаар гар утсанд ямар нэг гаж нөлөө ирэхгүй юу?
-Энэ аргыг Монголд одоо л нэвтрүүлж байгаа болохоос олон улсад ашигладаг. Олон төрлийн туршилт хийсэн. Сүлжээнд нь нөлөөлөх үү, орон нутагт ямар байна, гадаадад яах вэ гэх мэтчилэн бүх төрлийн туршилт хийдэг. Туршилтын хувьд 2-3 сар хийсэн. Тиймээс найдвартай гэж болно.
-Энэ үйлчилгээг хэзээнээс нэвтрүүлэх вэ?
-11 дүгээр сараас нэвтрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Тухайн оператор компаниуд ч гэсэн маркетинг, сурталчилгаагаа давхар хийгээд явах байх.
-Картын системтэй холбоотой өөр ямар шинэ үйлчилгээ төлөвлөж байна вэ?
-Гар утсанд хийхээс гадна банкны картуудад чипээ суурилуулах боломжийг бүрдүүлж байна. Эхний ээлжид Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хаан банкны картанд чип суулгадаг байхаар тогтсон. Иргэдийн түрийвчэнд банкны, автобусны гэх мэтчилэн олон карт байдаг. Үүнийг нэгтгэж, амарчлах зорилготой юм. Нэг картаараа банкны гүйлгээ, автобусны төлбөрөө хийдэг байхаар зохицуулна. Энэ мэтчилэн цаашид хөгжүүлэлтийг хийгээд явна.
Б.ЗАЯА