Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар /ЗЦГ/-аас хамгийн их машин зорчдог дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүйгээр баруун гар тийш чөлөөтэй эргэх журам боловсруулж, энэ долоо хоногоос эхлэн туршиж байгаа билээ.
Энэ хүрээнд “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэсэн замын тусгай тэмдэглэгээг Баруун, Зүүн дөрвөн зам, Саппоро, “Гэсэр” сүм гэсэн дөрвөн уулзварын баруун эргэх боломжит чиглэлд байршуулж, баруун эргэх гэрлэн дохиог байнгын асаалттай байлгадаг болжээ.
Цэнхэр самбар дээр цагаанаар томоор бичсэн энэ тэмдэглэгээг хараагүй жолооч шууд гэрлэн дохиогоо дагаад эргэх боломжтой гэсэн үг. Энэ үед жолооч баруун эргэхдээ гарцаар алхаж буй явган зорчигч болоод гэрлэн дохиогоор дүрмээ баримтлан уулзвар нэвтэрч буй бусад автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй.
ЗЦГ-аас туршиж буй баруун эргэх шийдвэрийг жолооч нар хэрхэн хүлээн авч, шинээр байрлуулсан тусгай тэмдэглэгээг хэр ажиглаж, замын хөдөлгөөнд оролцож байгаа талаар сонирхлоо.
Бид “Гэсэр” сүмийн уулзварт хэсэг хугацаанд ажиглалт хийлээ.
Энэ хугацаанд “Бөмбөгөр” худалдааны төвөөс “Тэнгис” кино театр буюу Самбуугийн гудамжийг чиглэсэн автомашинууд зогсохгүйгээр шууд уулзвар нэвтэрч байлаа. Эсрэг талдаа “Тэнгис” кино театраас Баянбүрдийн тойрог руу чиглэх автомашинууд гэрлэн дохио харгалзахгүй шууд баруун эргэх боломжтой.
Зарим жолооч нар төв гэрлэн дохиогоо хүлээж, зогсох тохиолдол ажиглагдаж байв. Цаашид байнга гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэвэл “Бөмбөгөр” худалдааны төвөөс “Тэнгис” кино театр буюу зүүн тал руугаа чиглэх замын ачаалал нэмэгдэж болзошгүйг замын цагдаа онцолж байна.
Ямар ч аюулгүй, гэрлэн дохио харгалзахгүйгээр баруун эргэх боломж уулзвар бүрт байгааг жолооч нар хэлж байна. Мөн жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байвал түгжрэл байнга үүсээд байхгүйг онцлов. Зам тавьж өгөөд, баруун эргэхийг ЗЦГ-аас зөвшөөрөөгүй байх үед жолооч нар баруун эргэх гэрлэн дохиог 4-7 минут хүлээдэг байжээ.
Баруун, Зүүн дөрвөн зам, Саппоро, “Гэсэр” сүм гэсэн дөрвөн уулзвараар жолооч улаан гэрэл үл хамааран эргэх нь түгжрэл бууруулахад бодитой нөлөөлбөл цаашлаад тогтмол баримтлаад явах аж.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын судалгаагаар уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгана гэсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой. Хэрэв дээрх дөрвөн уулзварт жолооч нар чөлөөтэй баруун эргэх туршилт амжилттай болбол үлдсэн уулзваруудад ч гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмыг батлах юм.
Зураглаач Н.БАТМӨНХ