Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ням гаригийн орой /2016.10.09/ явагдсан хоёр дахь мэтгэлцээнд Трамп шархаа нөхөж, хатагтай Хилларигаас хариугаа авав.

Олон нийтийн сүлжээнд Хилларигийн нүүрэн дээр суусан ялаа мэтгэлцээний гол сэдэв болж байгаа бололтой. 

Хоёр дахь мэтгэлцээнийг долоо хоногийн өмнөөс сонгуулийн кампанит ажлыг тодорхойлох чухал үүрэгтэй гэж мэдээлж байв. 

Өнгөрсөн баасан гаригт Трамп 11 жилийн өмнө эмэгтэйчүүдийг хэрхэн эргүүлдэг байсан, тэр од учраас бүх зүйлийг хийж болно гэх утгатай ярианы бичлэг нийтлэгдсэн байв. Үүний дараа түүний намын нөлөө бүхий улстөрчид сонгуулиас нэрээ татахыг Трампаас шаардсан юм. Харин Трамп олон жилийн өмнө  хийж, хэлж байсан зүйлийнхээ төлөө америкчуудаас уучлалт гуйжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп, Ардчилсан намын нэр  дэвшигч Хиллари Клинтон хоёр Миссури мужийн Сент-Луис хотноо болсон хоёр дахь халз мэтгэлцээнийхээ өмнө гар барьсангүй. Тэд тайзны хоёр талаас гарч ирсэн бөгөөд бие биедээ ойртож ч очсонгүй.

Танхимд ноён Билл Клинтон охин Челсигийн хамт, Меланья Дональдын охин Иванка, хүү Эрикийн хамт ирсэн байв.

Гэтэл энэ удаагийн мэтгэлцээнд этгээд зантай тэрбумтан асуудлуудадмаш итгэлтэй бөгөөд яг таг хариулт өгч байлаа. Түүнийг мэтгэлцээнд ялаагүй юм гэхэд ялагдсан гэж хэлэхгүй.

Трампын эсрэг Хилларигаас гадна CNN телевизийн хөтлөгч Андерсон Купер "ажиллаж", түүний бичлэгийн талаар сөхөж ярьсан ч тэр ганц хариултаар цохилтыг  зайлууллаа. Трамп тэдэнд "Дэлхий дээр хоёр хүний хувийн амьдралаас гадна Исламын улсынхан хүний толгой тасдаж байгаа зэргийн чухал асуудлууд олон бий" гэсэн хариулт зориулсан юм. 

Дараа нь Трамп эсрэг довтолгоонд орохдоо өөртөө маш итгэлтэй харагдлаа. Хиллари Клинтоныг  тэр “Хэтэрхий их чалчдаг, хийсэн зүйлгүй” гэж буруутгав. Сенатор байхаасаа түүний төлөө санал өгсөн африк гаралтай хүмүүсийн амьдрал нэг ч удаа сайжраагүйг Трамп дурьдаад, Ливийн исламчуудад алагдсан Элчин сайд Стивенс тусламж гуйхад нь хариу өгөөгүйг сануулжээ. 

Мөн тэрээр, Сирийн мусальмануудыг хүлээж авахгүй гэж хэлсэн өмнөх мэдэгдлүүддээ их л итгэлтэй тайлбар хийлээ.  Трамп тэднийг өнөө цагийн “модон морь” гэж нэрлээд, "АНУ хэнийг нь мэдэхгүй хүмүүсийг хүлээж авах хэрэггүй" гэв. Татвар төлөөгүй гэсэн Хилларийгийн шүүмжлэлийг тэр хүлээн зөвшөөрч, “Та намайг хуулийн цоорхой ашигласан гэлээ. Та сенатор байхдаа тэр хуулийг яагаад зогсоосонгүй вэ? Учир нь таны найз нар  түүнийг ашигласан. Тэд одоо таныг санхүүжүүлж байгаа” хэмээжээ. Хиллари Клинтон сенатор байх хугацаандаа 400 гаруй хууль боловсруулсан гэдгээ энэ үеэр онцолж амжив. 

Трамп шууд нэвтрүүлгийн хөтлөгчдөд хандан Хилларийг илүүд үзэж, түүнийг мэтгэлцээний дэг зөрчиж байгааг анзаараагүй юм шиг хандаж байна гэж гомдол тавьсан юм. 

Статистикаас харвал, мэтгэлцээний явцад Трамп, Клинтон хоёр ойролцоогоор адил хугацаанд ярьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж