“Бүргэдчин охин“ Хавайн кино наадмыг өнгөлөв

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

“Бүргэдчин охин“ Хавайн кино наадмыг өнгөлөв

Бүргэдчин охин Н.Айшолпаны амьдралаас сэдэвлэсэн “The Eagle Huntress" кино аравдугаар сарын 10-нд болсон Хавайн олон улсын кино наадамд амжилттай оролцжээ.

Отто Бений найруулсан уг кино шилдэг баримтат киноны төрөлд түрүүлж, 30,000 ам.долларын өртөг бүхий киноны тоног төхөөрөмж, 3000 ам.доллараар шагнуулсан байна.

Кинонд Монголын тал нутгийг гайхамшгийг үзүүлэхийн сацуу 13 настай Н.Айшолпан охин хэрхэн удмынхаа анхны бүргэдийн эмэгтэй анчин болсон түүх, бяцхан охин саад бэрхшээлийг даван туулж, мөрөөдөлдөө хүрч буй тухай өгүүлдэг ажээ. Тус киноны продюсероор Морган Спурлок, Дэйси Ридли нар ажилласан байна.

Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний бүргэдийн ангийн талаар Британийн BBC агентлаг хоёр жилийн өмнө сурвалжлага бэлтгэж, цахим хуудаснаа нийтэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан мэдээлэл болсон юм.

Тус агентлагийн гэрэл зурагчин Ашер Свиденский нийтлэлдээ 13 настай бүргэдчин охины талаар сурвалжилсан бөгөөд хүүхдүүдийн дийлэнх нь бүргэдээс айж, ойртохоос зүрхшээдэг бол баруун Монголын казах охин 13 наснаасаа эхлэн бяцхан мөрөндөө бүргэд суулган, үнэг, туулайн ан хийхэд суралцсан нь түүний сонирхлыг татсан гэдэг.

Удалгүй BBC-гийн бэлтгэсэн сурвалжлага  Холливудын найруулагчийн анхааралд өртсөнөөр “Бүргэдчин охин” кино бүтээгджээ.
 

Б.ЭНХ

Эх сурвалж: hamptonsfilmfest.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж