Төвийг сахих статус: Хөрөнгө оруулалтыг татах нэг хэлбэр

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

Төвийг сахих статус: Хөрөнгө оруулалтыг татах нэг хэлбэр

Монгол Улс төвийг сахих статусын асуудлаар өнөөдөр /2016.10.12/ салбарын судлаач, эрдэмтэд дугуй ширээний ярилцлага хийлээ. Судлаачдын тухайд төвийг сахих статуст харилцан адилгүй байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, Монгол Улс байнга төвийг сахих нь хоёр хөрш орны дипломат харилцаанд сэв суух эрсдэлтэй, уламжлалт хөршөөсөө дайчих буруу санал гэж харах зарим судлаач үзжээ. Эсрэгээрээ төвийг сахих статус нь дэлхийн улс орнуудын Монголд итгэх итгэл нэмэгдэж, тэр хэрээр Монгол Улсад оруулах хөрөнгө, санхүүжилт өсөн санхүүгийн төв улс болох боломж хэмээн дүгнэх судлаач ч байна.

Зарим судлаачийн тухайд Монгол Улс байнга төвийг сахих статусыг гадаад бодлого гэж буруу ойлгон, шүүмжилдэг байна. Гэхдээ төвийг сахих статус нь тусгай бодлого биш улсынхаа гадаад бодлогыг хэрэгжүүлэх нэг хэлбэр гэдгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Г.Базарваань тайлбарлалаа. Харин ХБНГУ-аас Монгол Улсад суурин төлөөлөгчөөр суугаа Даниел Шмюкингийн тухайд Монгол байнга төвийг сахих нь олон улсын харилцаагаа бэхжүүлэх, эдийн засгийн салбарт яригдсан хэлэлцээр, хөрөнгө оруулалтаа бодит болгох том боломж хэмээн тодотголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг яг нэг жилийн өмнө Ерөнхийлөгч тухай үеийн УИХ-д өргөн барьсныг онцлоод үүнтэй холбогдуулан Стратегийн судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын төвийг сахих статусын талаар цуврал судалгааг мэргэжлийн судлаачидтай хамтран хийж эхэлсэн гэлээ. Судалгааны ажлын хүрээндээ Швейцар, Австри зэрэг улсын төвийг сахисан туршлагатай судлаачдын төлөөлөл очиж танилцсан байна. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй гэж албаны хүмүүс учирлав.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж