С.Дашням: Халх Монголын төлөө хамаг амьдралаа зориулж явна

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

С.Дашням: Халх Монголын төлөө хамаг амьдралаа зориулж явна

Хөдөөгийн театрын уран сайхны удирдаач манай редакцид зочиллоо. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням гуайг бид “Эрүү цагаан болжмор”, “Боржигон сэцэн” зэрэг дуулалт жүжгээр нь илүү мэднэ. Мөн түүнийг Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрыг хөл дээр нь босголцсон хүн хэмээн үнэлдэг билээ.  Одоогоор тэрээр Говьсүмбэр аймгийн “Боржигон” театрт ажиллаж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Танай нутгаар намаржаа сайхан уу.  Та хэзээ хотод ирэв?

– Өнөө өглөө /10.10/ вагоноор орж ирлээ.  Чойрын богдод намаржаа сайхан байна. Гэхдээ сүүлийн хоёр хоногт цас их орлоо.  Тэр чигээрээ цасан бүрхүүлтэй учраас малчид жаахан сандарч байна.   Хуучин манай нутагт Чойрын хийд гэж байсан.  Мөн боржигон түмний өлгий нутаг гэдгээрээ онцлог.

-Та Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрыг хөл дээр нь босголцсон хүн.  Говьсүмбэрт ирээд ямар уран бүтээл хийж байна вэ?

-“Боржигон” театрын уран сайхны удирдаачаар ажиллаад жил гаруй болж байна. Миний уран бүтээлийн гараа Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театраас эхэлсэн. Ямар уран бүтээл хийх үү, ямар бодлого баримталж ажиллах вэ гээд анх театрынхаа талаар төсөл бичиж байлаа.  Тэнд би 20 гаруй жил болсон доо. Миний уран бүтээлийн оргил үе тэр л театрт үлдсэн байдаг.  10 гаруй дуулалт жүжгээ тэнд бичсэн байна.  Амьдралын ханиа тэндээс олсон гээд Дундговь бол миний амьдралын нэгээхэн хэсэг юм шүү дээ.

-Таныг  “Үлэмжийн чанар”, “Эрүү цагаан болжмор”, “Боржигон сэцэн” зэрэг дуулалт жүжгээр илүү мэднэ.  Ер нь дуулалт жүжиг бол таны онцлог юм уу даа?

-Тийм шүү. 1989 онд Б.Лхагвасүрэнгийн цомнолоор “Үлэмжийн чанар” дуулалт жүжгээ бичсэн. Энэхүү бүтээлээр Дундговь аймгийн театр нээлтээ хийж байлаа. Тухайн үедээ Монголын үндэсний театруудын наадмын тэргүүн шагналыг хүртэж байсан.  Түүний дараа Шонхорын зохиол “Сийлэн бор” дуун бүтээлээр дуулалт жүжиг хийсэн.

-“Сийлэн бөөр” гэдэггүй бил үү?

-Харин хүмүүс тэгж ойлгоод байдаг.  Судлаад үзэхэд сийлсэн мэт сайхан бор бүсгүйн тухай бүтээл юм билээ. Үүнийг би яг зөв нэрээр нь буюу “Сийлэн бор” хэмээн нэрлэж дуулалт жүжгээ бүтээсэн байдаг.  Түүний дараа “Эр хонины хурга”, “Элсний хатан”, “Боданчир Мунхаг”, “Сэцэн вангийн хошуу” гээд түүхэн голдуу бүтээлд ажилласан байна.

-Та “Боржигон Сэцэн” хэмээх түүхэн дуулалт жүжгээр “Гэгээн Муза” хүртэж байлаа.  Энэ бүтээлийнхээ тухай сонирхуулахгүй юу?

– Дэлхийн түүхэнд хөгжмийн зохиолч нар гурвалсан жүжиг бичдэг жишиг байдаг юм билээ.  Тэр л дагуу би “Боданчир Мунхаг”-аа бүтээсэн.  Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат энэхүү жүжгийн маань цомнолыг бичсэн байдаг.  Боржигон овог хэрхэн бий болсон талаар өгүүлдэг бүтээл. Дараа нь “Боржигон сэцэн”-гээ бичсэн.  Мөн түүний дараа Боржигон хошууны хамгийн сүүлийн хүн Гомбосүрэн гуайн амьдралаар дуулалт жүжиг бичлээ.  Би бүтээлүүдээрээ дуулалт жүжиг гэж ямар байдаг, монголын дуун урлагийн онцлог нь юу вэ гэдгийг л харуулахыг зорьдог доо.    Чи анзаарсан бол би тэр жилийн “Гэгээн Муза”-д хоёр бүтээлээр оролцсон шүү дээ. Нэг нь “Би босс Бооёо” нэртэй хүүхдийн жүжиг юм.  Энэ бүтээл маань ч надад “Гэгээн Муза” авчирсан.

-Таны үндэсний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээн цолыг хүртээжээ.  Хэдэн  онд авсан юм бэ?

-2006 онд гавьяат болсон.  Төв халхын дуулалт жүжгийн театрыг бий болгосон, мөн дуулалт жүжгээр дагнан ажиллаж, Монголын хөгжмийн болон театрын урлагт хувь нэмрээ оруулсан хэмээн энэ хүндтэй цолыг олгосон.  Дуулалт жүжгийг барьж авч ажиллах нь цаг үеийн шаардлага байсан.  Анх аймгуудын  театрыг байгуулахдаа хөгжимт драмын театр гэж нэрлэж байлаа.  Яг үнэндээ Хөгжимт драмын жүжгээ тоглодоггүй байсан. Тэгэхээр  ямар ч байсан аймгуудын театр дуулалт жүжиг тоглох нь зөв юм гэсэн үүднээс хөдөөгийн театртаа дуулалт жүжгээр дагнан уран бүтээл хийсэн дээ.

-Та Хөвсгөл нутгийн хүн. Яагаад Дундговь аймагт сууршин уран бүтээл хийх болсон юм бэ?

-Би Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын буриад хүн.  Халх Монгол, Боржигоны төлөө хамаг амьдралаа зориулж явна.  Буриадын талаар юу ч хийсэнгүй. Одоо нутагтаа очвол толгойгоо хага цохиулна /инээв/.  Дундговь аймагт онцлог бий. Намайг анх очиход 17 хүнтэй байлаа. Их олон драмын жүжиг тавьдаг байсан.  Тэндээс алдартай жүжгийн зохиолч жүжигчид олон төрсөн байдаг.  Мөн Дундговь бол дуу хуурын өлгий нутаг. Драм энэ хоёрыг нийлүүлбэл дуулалт жүжгийг хөгжүүлж болох юм байна гэсэн үүднээс л би Дундговьд очсон доо. 

-Хөдөө орон нутгийн театруудын байдал ямар байна вэ. Шинэ уран бүтээлдээ орсон уу?

-Байдал хүнд байна. Гэхдээ энд би санхүүгийн асуудал ярьмааргүй байна.  Яг үнэндээ өнөөдөр монгол дэгээр дуулдаг жүжиглэдэг уран бүтээлч бэлтгэдэг сургууль байхгүй байна. СУИС дэлхийн сонгодог бүтээл дээр үндэслэн мэргэжилтэн бэлтгэдэг.  Төв Халх, Баян Бараат, Баруун Монголын урлагийг заахгүй байна.  Тэгэхээр хэн үндэсний урлагаа гэх вэ.  Үндэсний найрал хөгжим дээр бакал хоолойтой хүнээр яаж “Эрүү цагаан болжмор”-ыг дуулуулах билээ.

-Тэгэхээр одоо яаж ёстой вэ. Бид үндэсний бүтээлээ тоглодог уран бүтээлчээ хэрхэн бэлтгэх вэ?

-Театр бүхэн өөрийн гэсэн онцлогтой баймаар байна.  Мөн түүнийхээ дагуу хажуудаа сургалтын төвтэй болвол зүгээр.  Баруун Монгол, Зүүн, Төв халх гээд өөр өөрийн гэсэн онцлогтой баймаар байна. Түүнээс СУИС-д ари заалгасан хүн очоод ардын урлагаа үзүүлж чадахгүй байна шүү дээ.

-Таны театр сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Боржигон морин хуураас бүрдсэн үндэсний найрал хөгжимтэй боллоо.  Мөн өнгөрсөн онд Шилийн гол, Улаан-Үд зэрэг газраас очиж уран бүтээлээ хүргэлээ. Энэ жилийн улирлын нээлтээ Дорноговь аймгийн театртай хамтран зохион байгуулна.  Мөн “Шидэт баян бүрд” нэртэй нэн ховордсон мазаалайн тухай жүжгээ тоглох гээд бэлтгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: http://www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж