УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.10.12/ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл сонссон юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуульд 1658, цэцэрлэгт 402 хүүхэд сурч, хүмүүжиж байна. Эдгээр сургуульд 285 багш, 507 ажилтан ажилладаг. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий эрдмийн мэдлэг олгох чиглэлээр 25, 29, 55, 70, 63,116 дугаар сургууль, мөн Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хараа сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сэтгэл судлал, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, мэргэжлийн төрөлжсөн сургалт явуулах эрх зүйн орчинг бий болгох, мэргэжлийн сургалт явуулах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг төсөвт суулгах, төгсөгчдөд мэргэжлийн болон чадамжийн үнэмлэх олгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай хуулийг батлуулах гээд шийдвэрлэх олон асуудлууд байгаа ажээ.
УИХ өнгөрсөн хоёрдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Хууль батлагдан хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, тэдэнд ажиллаж амьдрах таатай орчинг бий болгох зэрэг тодорхой чиглэлээр үр дүн гарч эхэлжээ.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн барилга барих, тоног төхөөрөмжөөр хангах гэрээ хийгдэж ажил эхэлсэн байна.
Барилга 2.5 жилийн дараа ашиглалтад орох юм.
Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Японы Жайка олон улсын байгууллага, БНХАУ-ын тусламжаар баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв төслийн удирдлагын багийн төлөөлөл оролцлоо.
Г.ДАРЬ