Ухаалаг дельфинүүд анхны тоглолтоо сонирхууллаа

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

Ухаалаг дельфинүүд анхны тоглолтоо сонирхууллаа

ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн "Далайн амьтдын тоглолт" анхны тоглолт өнөөдөр /2016.10.12/ 15 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо.

Тус циркийн Васия, Катея, Дисень нэртэй аав, ээж, хүү гурван дельфин өнгөрсөн амралтын өдөр Монголд анх удаа ирсэн бөгөөд далайн хав энэ удаа ирж чадаагүй байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Дельфинарий” хэмээх цэнхэр бичигтэй том цагаан асар угтана. Ухаалаг дельфинүүдийн тоглолтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэд анхны тоглолтоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асрамжийн газрын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сонирхуулсан юм.

Ухаалаг дельфинүүдийг харахаар ээжтэйгээ ирсэн хоёр настай М. Мөнх-Ундрах хүү их догдолсон харагдана. Түүний ээж нь  “Хүүгийн маань өвөө нь загас тэжээдэг болохоор загасанд их дуртай” гэв. Харин бяцхан хүү “Ээжээ тэр загас байна. Загас гоё” хэмээн ярьж байлаа.

Ухаалаг дельфиний анхны үзэгчид тэдний тоглолтыг харахаар тэсэн ядан хүлээж буй нь илт. Төд удалгүй ухаалаг дельфинүүд агаарт үсэрч гарч ирэн эргэн шумбаснаар үзэгч хүүхдүүдийг дуу алдуулах нь тэр.

Олон улсын мастер амьтан сургагч Андрейгийн дохиогоор тэд бүгдийг хийнэ. Өхөөрдөм дельфин дуу дуулж, танго, вальс бүжиглэж, зураг зурж, сагс тоглож, цагаригийг тун чадварлаг эргүүлж байна гэвэл та итгэх үү?

Тэдний гэнэтийн бэлэг үргэлжилсээр… Тавцан дээр гулгаж, агаар дээр эргэж, бүр сургагч Андрейг бүжгэнд урьж, хошуун дээрээ тогтоон уснаас гарч ирэх нь үнэхээр гайхалтай. Энэ бүхнийг үзэж буй хүүхдүүд “Ямар хөөрхөн юм бэ”, “Пөөх” хэмээн дуу алдацгаана. Ийн 40 минутын үргэлжилсэн тоглолтын эцэст сүүлээрээ “Баяртай” хэмээн ёсолж байгааг харсан хүн бүр өхөөрдөж байв.

Ийнхүү өхөөрдөм гурван делфинүүд 500 хүний суудалтай асартаа нэг  сарын хугацаанд  тоглох гэнэ шүү. Энэ хугацаанд долоо хоногт есөн удаа тоглолт хийж, Монголын үзэгчдэд өөрсдийн авьяасаа харуулах ажээ. Мөн тэдний байрлаж буй тусгай асар нь агааржуулалт, халаалтын системтэй бөгөөд өвлийн улиралд даарах аюулгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.

Ухаалаг делфинүүд Монголд хоёр амьтан сургагч, нэг туслах багш гээд нийт таван хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд тэдний сарын турш хооллохоор ОХУ-аас таван тонн орчим далайн загас авчирсан байна. Харин тэд 500 метр куб хэмжээтэй усанд байрлаж байгаа бөгөөд гурван метрийн гүнтэй, 18 хэмийн дулаантай аж.

Тэд долоо хоног бүрийн лхагва, пүрэв, баасан гаригт 18.00 цагаас, бямба, ням гаригт 12.00, 15.00, 18.00 цагуудад Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглох гэнэ. Тоглолтын тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаар худалдаалж байгаа бөгөөд тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-30 мянган төгрөгийн үнэтэй байна.

Уг тоглолтыг үзэхээр Чингилтэй дүүргээс ирсэн долдугаар ангийн сурагч Г.Номуундарь “Надад усанд дээр эргэлт хийж, ус цацардаг үзүүлбэр нь хамгийн их таалагдсан. Их ухаантай амьтан байдаг юм байна. Би дахиад үзмээр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тоглолтын үеэр үүдэнд нь дельфиний чихмэл хамгийн жижиг нь 2500 төгрөгөөр худалдаалж байсан бол хамгийн том нь 33 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байв. Мөн дельфиний зурагтай түлхүүрийн оосор, аяга, цаг, тоглоом, хүзүүний зүүлт, бөмбөлөг зэргийг худалдаалж байсан нь хүүхдүүдийн анхаарлыг ихэд татаж байв.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж