Компанийн засаглалын асуудлаар Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Компанийн засаглал сайн байх нь компаниуд санхүүгийн зах зээлээс ялангуяа хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг юм байна билээ? Компанийн засаглал гэж яг юуг хэлэх вэ?
–Ямар ч хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгө мөнгийг найдвартай өсгөх бизнесийг олохыг л эрэлхийлж байдаг бөгөөд түүнийгээ өөрийн хяналт, болон тухайн бизнест оролцох оролцоо гэх мэт гол үзүүлэлтүүдээр хэмжиж байдаг. Таны мөнгийг юунд, яаж зарцуулж байгаа нь тодорхойгүй, бас эргүүлж өсгөж өгөх эсэх нь найдваргүй байгаа үед хэн ч мөнгөө зүгээр тавиад туучихгүйтэй адил хөрөнгө оруулалтын найдвартай байдлыг батлан харуулж байдаг тэдгээр үзүүлэлтүүд нийлээд засаглалын хэмжүүрүүд болж байдаг. Үүнд тухайн компанийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалт, хяналтын тогтолцоог илтгэн харуулах ил тод байдал, мөн хөрөнгө оруулагчдаа ялгаварлахгүй байх шударга байдлууд багтдаг. Тэгэхлээр компанийн засаглал гэдгийг товчхоноор тодорхойлбол нэг талаас бүтэц, тогтолцоо, нөгөө талаас дүрэм журам, нэмээд хамгийн гол нь тэдгээрийн хэрэгжилт, үйл ажиллагаа гэж үзэж болно. Бизнесийнхээ онцлогт тохирсон бүтэц, тогтолцоотой, түүнийгээ дүрэм журмаар баталгаажуулсан, тэр дүрэм журмынх нь тасралтгүй хэрэгжилт нь өөрөө өөрийгөө сайжруулах чиглэлд явж байдаг компанид гаднаас хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн хялбар байх болно.
-Сайн засаглалыг хэрэгжүүлэхэд хөрөнгө их шаардана гэж байсан. Хэрэв компаниуд засаглалыг хэрэгжүүлэхгүй байх нь хэнд ашигтай юм бэ, бас хэнд ашиггүй вэ. Үр дагавар хор хохирол ?
-Сайн засаглал гэдэг бол хүрчихдэг зорилго биш. Энэ бол байнга сайжрах чиглэлд явах үйл явц буюу аялал юм. Сайн засаглалыг бүтээхэд хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө гарах нь тодорхой. Бас цаг хугацаа ч шаардагддаг. Гэхдээ энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ гэдэг асуулт түгээмэл тулгардаг. Ялангуяа одоо манай Монголын бизнесийнхний өмнө тулгараад байна. Сайн засаглал гэдэг бол эздүүдэд, хөрөнгө оруулагчдад л хамгийн их хэрэгтэй байдаг. Харин дараагийн ээлжид тэнд ажиллаж байгаа хүмүүст болон бусад оролцогчид болох хэрэглэгчид, түншлэгчид, ойр хавийнх нь орчинд амьдарч байгаа хүмүүст, улсын эдийн засагт хэрэгтэй. Сайн засаглалын үр дагаварт сайн бизнес, тогтвортой ирээдүй л бий болно. Ямар ч бизнес эрхлэгч өөрийн бизнесийг хэдхэн жилийн настайгаар төсөөлж хийдэггүй байх. Бизнес нь цаашдаа өргөжин тэлж, тогтвортой хөгжөөсэй хэмээн хүсдэггүй бизнес эрхлэгч гэж байхгүй. Тэгэхлээр нэгэнт л бизнесийн загвар бүтээж байгаа л бол аль болох хол явчих, сайн загвар бүтээх юм бол үр хойчид нь үлдэх бизнес нь найдвартай байж, илүү их хөрөнгө оруулалтыг татаж, үйл ажиллагаа нь тэр хэрээр л өргөжин тэлэх болно шүү дээ.
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн дунд засаглал ямар түвшинд явна. Нэгтгээд дүгнэвэл?
-Монголын компаниудын засаглалыг манай Компанийн Засаглалын Хөгжлийн Төв Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран хэмжиж үзсэн. Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Топ 20 компани дээр судалгаа, үнэлгээ хийсэн. Эдгээр компаниудын хувьд засаглалын индекс нь 28 хувьтай гарсан бөгөөд 100 байхаас 28 байна гэдэг бол тун хангалтгүй байгаагийн илрэл. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтыг гаднаас татна гэдэг амаргүй. Манай компаниудын хувьд тайлагнал нь хангалтгүй байдаг. Хөрөнгө оруулагчийн хувьд хийсэн хөрөнгө оруулалтынхаа араас юу болж байгаа, хэр өсч байгаа, хэрхэн хөрөнгийг нь удирдаж байгааг мэдэх нь хамгийн чухал зүйл. Гэтэл түүнийг нь харуулдаг “Жилийн тайлан” гэдэг зүйлийг манай компаниуд олон улсын стандарт шаардлагын дагуу зөв гаргаж чаддаггүй. Хамгийн сайн засаглалтай гэх манай Банкууд ч энэ тал дээр их сулхан байна. Иж бүрэн, уялдаа холбоотой, нэгдсэн дүгнэлт хийж болохуйц тайланг гаргахын тулд олон улсад байдаг жишиг хандлагыг дагахаас өөр аргагүй. Энэ бол ил тод байдлын нэг гол шалгуур. Хэн гэдэг, ямар хүмүүс таны хөрөнгийг удирдаад байна, тэдний шийдвэр яаж гарч байна, тэр шийдвэрийнх нь хэрэгжилт хэрхэн явагддаг, тэрийг нь хэн яаж хянадаг вэ гэдгийг хөрөнгө оруулагчдадаа ил байлгах шаардлагатай. Манай компаниуд дээр гарч байгаа засаглалын бас нэг том алдаа бол ТУЗ буюу төлөөлөн удирдах зөвлөл нь ном журмынхаа дагуу үүрэг хариуцлагаа гүйцэтгэж чадахгүй байгаа явдал юм. ТУЗ-тай компаниудын хувьд Гүйцэтгэх удирдлагаа бүрэн хянаж чадахгүй байх эсвэл эсрэгээрээ гүйцэтгэх удирдлагынхаа ажилд хөндлөнгөөс хэт оролцохгүйгээр чиглүүлэн удирдах чадвар ихээхэн дутагдалтай байдаг.
ТУЗ-гүй компаниудын хувьд залгамж халаагаа бэлтгэх тал дээр анхаарал хандуулдаггүй эсвэл үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр нэгдсэн бодлого алсын хараагүй байх алдаа их ажиглагддаг. Компани нь их томроод байхад анх л байсан жижиг аж ахуйг удирддаг байсан хуучин арга барилаараа удирдах гээд зөрчилдөөд байгаа байдал их анзаарагддаг.
-Засаглал муутай байсны хор уршиг нь тухайн компанийн нас богиносож, дампуурах эрсдэл өндөр гэсэн үг үү?
-Компанийн төрөл болон эзэмшлийн бүтцээс үл хамаараад бүхий л бизнесүүдэд ижил гарах үр дүн бол сайн засаглалтай компани сайн ирээдүй, тогтвортой хөгжлийг бий болгож чадна. Иймээс бизнесийн нэгдүгээр үе дээрээ явж байгаа, дараагийн шинэ үе рүүгээ шилжих гэж байгаа энэ цаг үед эздүүдийн өмнө тулгарч байгаа хамгийн хариуцлагатай шийдвэр бол дараагийн залгамж халаагаа сайн бэлтгэх, түүнийг дэмжээд явах зөв бүтэц, тогтолцоог компанидаа бий болгох явдал юм.
-Засаглалын хямралаас болж үйл ажиллагаа нь зогсч буй аж ахуйн нэгжүүд байна уу?
-Бидэнд олон жишээ байгаа. Анод Банк, Хадгаламж Банк, Зоос Банк, одоо өрнөөд байгаа Эрдэнэтийн асуудлууд бүгд засаглал муу байсантай холбоотой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд гэхэд мэдээллийн ил тод байдал байхгүй учраас хэдийгээр Монгол улсын төсвийн орлогын хамгийн том бүрдүүлэгч боловч энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж, шийдвэрүүд ямар байдлаар гарч байдгийг бүрэн мэдэж байгаа институт алга байна. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд нь энэ талаар мэдээлэлгүй байхаар өөр хэн мэдээлэлтэй байх билээ дээ. Ер нь улсын томоохон аж ахуйн нэгжүүд дээр сонирхлын зөрчилтэй хэлцлүүд байнга хийгдэж, шахааны бизнес цэцэглэсэн нь засаглал муугийн тод жишээ. Гүйцэтгэх удирдлагыг нь ТУЗ нь томилдоггүй учраас ялсан намын томилгоогоор ирсэн захирал намын даалгавраар л ажиллахаас өөр яах билээ. Төлөөлөн Удирдах Зөвлөл нь жинхэнэ утгаараа ажиллаж чаддаггүй, тоглоомын шинж чанартай байна. Жинхэнэ утгаараа ажиллахгүй байгаагийн шалтгаан нь хууль эрхзүйн зохицуулалт, ТУЗ-ийн гишүүдийн мэдлэг чадвар, хараат бус байдал байхгүй байгаатай холбоотой. Ийм байлгах сонирхол, механизм нөгөө талд нь хүчтэй үйлчилж байна. Хэрвээ жинхэнэ бизнесийн утгаараа ажилладаг бол мэдээлэлгүй сохор хүмүүсийн улстөржсөн шуугиан гараад, нийгмээрээ хоёр тал руу хуйлраад байхгүй л дээ.
-Ер нь бизнесийн ёс зүй, ил тод зарчмыг төлөвшүүлэх нь эцсийн дүндээ ямар сайн талтай гэж хардаг вэ?
-Компанийн сайн засаглалтай байх, ёс зүйтэй бизнес эрхлэх гэдэг маань эргээд нийгмийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Монголчууд бизнес эрхлээд хорь гаран жил болохдоо хэнээс хаанаас бизнес ухаанд суралцав гэдгийг анзаараад байхаар бид чинь урд хөрштэйгөө ихэнх бизнесийг хийж байна. Ихэвчлэн жижиг ганзага, наймаанаас эхэлсэн бизнес учраас тэр түвшний тэр зүгийн соёл бизнест давамгайлаад байх шиг харагддаг. Өөрөөр хэлбэл урт хугацааны алсын хараатай бизнес гэхээсээ илүүтэй өнөө маргаашдаа амар хялбар байдлаар мөнгө олох хандлага хүчтэй давамгайлж байх шиг.
Их өргөн бөгөөд урт хугацааны хүрээнд авч үзвэл монголчууд бидэнд бизнесийг ёс зүйтэй хийх соёл уламжлал уг нь бол бий. Миний докторын судалгааны ажилд энэ талаар авч үзсэн байгаа. Тухайн улсын соёл, уламжлал бизнест нь хэрхэн тусдаг, өнөөгийн нийгмийн ёс суртахууны түвшин хэрхэн нөлөөлдөг нөлөөллийг тооцсон загвар бий. Үүнийг компани дээр микро түвшин рүү буулгаад харахад илүү тодорхой харагдана. Аливаа байгууллагын соёл, засаглалын чанарт тухайн байгууллагын нөлөө бүхий гол хүмүүс, тухайлбал эздүүд, гүйцэтгэх захирлын хувийнх нь итгэл үнэмшил, хүмүүжил, манлайлах чиг хандлага хүчтэй нөлөөтэй байдаг. Тэгэхлээр өнөөдөр бид бизнесийг ёс зүйтэй хийвэл маргааш бидний ашиг өсч, зах зээл өргөжиж үйл ажиллагаа тэлэх нь тодорхой. Ил тод байдал гэдэг бол итгэлцлийг бий болгодог. Танд хэрэглэгч, ажилчид, зээлдэгч, бэлтгэн нийлүүлэгчид тань итгэхгүй бол бизнес хэрхэн өргөжин тэлэх билээ? Тэгэхлээр итгэлцлийг бий болгодог гол зүйл бол ил тод, ойлгомжтой байдал шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.УУДАМ