“Амьжиргааны төвшний судалгаа”-гаар босго онооноос дээгүүр жагссан тул хүүхдийн мөнгийг тань 2019 онд олгохоор болсон гэх юм. Нөхөр бид хоёр байрандаа нүүж ирээд удаагүй. Хороондоо очиж ч байгаагүй. Бид хоёр дээр ирж судалгаа авсан зүйлгүй. Амьжиргааны төвшнийг маань тэгэхээр яаж мэдэж тогтоовоо” хэмээн нэгэн эмэгтэй ярина. “Байр түрээсэлж амьдардаг манайхыг босго онооноос дээгүүр амьдралтай гээд хүүхдийн мөнгө олгосонгүй. Харин байртай, машинтай найзынд маань хүүхдийн мөнгө олгогдож байна. Сонин судалгаа байна даа” гэхчлэн олон нийтийн сүлжээгээр ч иргэд санаа бодлоо илэрхийлсээр байна. Иргэдийн дунд хүүхдийн мөнгө олголт, амьжиргааны түвшний судалгаатай холбоотой олон яриа өрнөж буй. Харин албаныхны зүгээс тухай бүрт нь “Хорооныхоо нийгмийн халамжийн ажилтан дээр очиж өөрийн амьжиргааны төвшнөө нягтална уу” гэх хариуг өгч байна.
Тэгвэл иргэд амьжиргааны төвшнөө анхааралтай шалгахыг сануулъя. Учир нь амьжиргааны төвшний судалгааг зөвхөн хүүхдийн мөнгөөр хязгаарлахгүй. Банкнаас зээл авах, орон сууц, нийгмийн тодорхой хөтөлбөрүүдэд хамрагдах гээд олон тохиолдолд ашиглах гэнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төслийн зорилтот хүрээг тодорхойлох үндэсний зөвлөх Р.Олонбаяр “Амьжиргааны төвшний судалгааг зөвхөн хүүхдийн мөнгөнд ашиглахгүй. Цаашид яллагдагч этгээдэд хуульзүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний эрхийн бичиг олголт, орон сууцжуулах хөтөлбөр, Монголбанкнаас тодорхой зээлийн хөтөлбөр, залуу өрхөд чиглэсэн жижиг дунд бизнесийн зээлийн хөтөлбөрүүдэд ашиглахаар тооцоо судалгаа хийж байна” гэлээ.
Өрхийн амьжиргааны төвшнийг гурван жил тутамд нэг шинэчлэх юм. 2013-2015 оны судалгаагаар энэ удаагийн хүүхдийн мөнгийг олгожээ. Одоо өрхийн амьжиргааны судалгааг дахин шинэчлэхээр ажиллаж байгаа аж.
Ялангуяа залуу гэр бүлүүд орон сууцны хөтөлбөрт хамрагдахад чухал нөлөө үзүүлэх аж. Тиймээс хороон дээр очиж амьжиргааны судалгаагаа хянаж, анхаарал хандуулж байхыг зөвлөлөө.
Б.ЗАЯА