“Хангарьд” аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

“Хангарьд” аваргын төлөө тоглоно

“Холбооны цом 2016” тэмцээний хагас шигшээд оноолт таарсан “Улаанбаатар сити”, “Хангарьд” багууд өчигдөр/2016.10.11/ 18:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэхэд тоглолоо.

Тус тоглолтын өмнө “Дэрэн”, “Хоромхон”-ыг торгуулийн цохилтоос (3:2) буулган авч аваргын төлөө энэ хоёр багийн хожсоныг нь хүлээж байлаа. “Дэрэн”-тэй тоглох багийг тодруулах 90 минут эхэлээд 17 минут болсоны дараа “Хангарьд”-ын лидер Ц.Мөнх-Эрдэнэ торгуулийн цохилтоос тоог нээсэн. Тэрбээр удаах гоолоо 30 дахь минутад толгойгоороо оруулсанаар эхний хагас 2:0 гэсэн үр дүнгээр өндөрлөв.

Байгуулагдаад зургаахан сар болсон ч дээд лигт өөрийн гэсэн өнгө төрх, хөгжөөн дэмжигчдийн хүрээллийг бий болгож чадсан “Улаанбаатар сити”-ийн залуус хоёрдугаар үед сэргэлт авсан. Тэдний аюултай довтолгоонуудын нэгийг Орос легионер Н.Р.Алексей 67 дахь минутад амжилттай болгож, тоог ойртууллаа. Гэхдээ үлдсэн минутад ямар нэгэн гоол оролгүй тоглолт 2:1-ээр “Хангарьд”-ын ялалтаар өндөрлөсөн. Тийнхүү “Холбооны цом”-ын аваргын төлөө 12 удаа тоглож, долоон удаа түрүүлсэн (“Холбооны цом” 4, “Боргио цом” 3) “Хангарьд” анх удаа шигшээд шалгарсан “Дэрэн”-тэй пүрэв гаригт тоглохоор боллоо.

“Холбооны цом 2016”:

  • Алтан медаль: “Хангарьд” – “Дэрэн”
  • Хүрэл медаль: “Улаанбаатар сити” – “Хоромхон”

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж