“Дэрэн” шигшээд шалгарав

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

“Дэрэн” шигшээд шалгарав

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Холбооны цом” тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт “Дэрэн”, “Хоромхон” багуудын хооронд өрнөлөө.

Дээд лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Дэрэн” клуб “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г өөрсдийн талбай болгосоноосоо хойш хоёр дахь албан ёсны тоглолтоо хийсэн нь энэхүү чухал хариуцлагатай тулаан байлаа. Хоёрхон өдрийн өмнө хаалтаа хийсэн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн хүрэл медальт “Хоромхон” энэ улиралд “Дэрэн”-тэй хоёр тоглохдоо эхний учраандаа 2:0-ээр хожиж, хоёр дахь тоглолтодоо 3:0-ээр хожигдсон. Тийм учраас энэ тоглолтыг “хайнаа хагалах” тоглолт гэж тодотгож байсан юм. Бөмбөг эзэмшилт, довтолгоо, хамгаалалтын чанар сайтай багууд үндсэн цагт гоолгүй тэнцэж, нэмэлт 30 минутад сунгахад мөн ялагч тодроогүй. Тийнхүү шигшээ тоглолтод шалгарах багийг торгуулийн цохилтоос тодруулах болоход “Хоромхон” давуу талтай эхэлсэн. Учир нь эхэлж цохисон “Дэрэн”-ийн хоёр цохилтыг Э.Отгонпүрэв хаасан. Гэхдээ залуу бүрэлдэхүүнтэй “Дэрэн” таван цохилтынхоо төгсгөлийг сайн хийж, сүүлийн гурван цохилтоо амжилттай болгосон. Эсрэгээрээ "Хоромхон"-ы сүүлийн цохилтууд тааруу болж "Дэрэн" 3:2-оор хожсоноор, анх удаа “Холбооны цом”-ын аваргын төлөө тоглохоор боллоо.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж