Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос сар тутам гаргадаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын есдүгээр сарын мэдээллийг өнөөдөр /2016.10.11/ сэтгүүлчдэд танилцууллаа.
Танилцуулга мэдээлэлд алба, хэлтсийн дарга нар суудаг уламжлалт байдлыг халж, шинэ залуу боловсон хүчнийг оролцуулснаараа энэ удаагийн мэдээлэл онцлог байв. Мэдээллийг ҮСХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Л.Цэвээнжав танилцуулсан юм.
МАХ, ХҮНСНИЙ НОГОО ХЯМДАРЧЭЭ
Улсын хэмжээнд 2016 оны есдүгээр сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ /инфляци/ өмнөх сарынхаас 0,6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0,1 хувиар буурсан бол өмнөх оны жилийн эцсээс 0,6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Жилийн эцсийн байдлаас 0,6 хувиар инфляци өсөхөд хүнсний бараа, ундаа усны үнэ 2,7 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байх юм. Харин өмнөх сараасаа 0,6 хувиар буурахад хүнсний бараа , ундаа усны бүлгийн үнэ ханш 2,7 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн гэдгийг онцолж байлаа. Уг бүлэг дотор мах, махан бүтээгдэхүүний үнэ 7,1 хувиар, хүнсний ногооны үнэ 11,1 хувиар буурсан байх юм. Улаанбаатар хотын хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0,9 хувийн бууралттай гарчээ. Инфляци буурахад хүнсний бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах, хүнсний ногооны үнийн хямдрал онцгой нөлөөлсөн гэдгийг статистикчид хэлж байлаа. Түүнчлэн өнгөрсөн сард орон сууц цахилгаан, түлш эрчим хүчний үйлчилгээний үнэ 4,3 хувиар буурсан байх юм.
Харин өнгөрсөн сард тамхины үнэ 1,1 хувь, согтууруулах ундааны үнэ 0,5 хувиар өссөн гэдгийг ҮСХ-ны Эрдэм шинжилгээ аргазүйн газрын статистикч Ю.Батцогт хэлж байлаа.Мөн боловсролын үйлчилгээний салбар 2,5 хувиар, эмнэлгийн үйлчилгээний салбар 5,5 хувиар өсчээ. Дээрх бараа, үйлчилгээний үнэ ханш нэмэгдсэн шалтгаан нөхцлийн талаар тодруулан асуухад “Статистикийн газрын тухайд олон улсын аргачлалын дагуу 12 бүлэг бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг хийдэг. Бид үнэ өссөн, буурсан эсэхийг тогтоох үүрэгтэй. Харин өсч, буурсан шалтгааныг тодорхой гаргадаггүй” гэсэн хариултыг өгч байна. Инфляцийг тооцон гаргахдаа нийслэлд 229 бараа үйлчилгээ, хөдөө орон нутагт 214 нэр төрлийн бараа үйлчилгээг багтаан тооцдог ажээ. Үүн дотор хүнсний бараа, ундаа усны үнэ 29,3 хувийг эзэлдэг гэнэ.
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ есдүгээр сарын эцэст 12,4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 50,5 тэрбум төгрөг буюу 0,4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 470,3 тэрбум төгөрг буюу 3,9 хувиар өсчээ. Үүн дотор хугацаа хэтэрсэн зээл 782,2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5,5 хувь, өмнөх оныхоос 5,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 20,8 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурсан гэж статистикчид мэдээллээ. Харин өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 21,6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Чанаргүй зээлийн үзүүлэлтийг урт хугацаанд харж үзвэл зээлийн хэмжээ 2008 оны есдүгээр сараас нэмэгдэж эхэлсэн байна. Зээлийн өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээл 6,3 хувийг эзэлж буй бол чанаргүй зээл 8,4 хувийг эзэлж байгааг тогтоожээ. Гэхдээ чанаргүй зээл 2014 арванхоёрдугаар сард хамгийн өндөр буюу нийт зээлийн 17,4 хувьтай тэнцэж байсан бол одоо 8,2 хувийг эзэлж буй юм байна. Өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд байгаа нийт хадгаламжийн хэмжээ 8,1 их наяд төгрөг болж, 4,3 тэрбум төгрөг буюу 0,1 хувиар буурчээ. Энэхүү хадгаламжийн 69,9 хувь нь төгрөгийн хадгаламж байдаг аж.
ЭКСПОРТ ИМПОРТООСОО ДАВУУ ХЭВЭЭР
Сүүлийн хэдэн сар дараалан манай улсын экспорт нь имппортоосоо давж, гадаад худалдаа нэмэх үзүүлэлттэй гарах болсон. Өнгөрсөн есдүгээр сард ч энэ үзүүлэлт давтагдсан байна. Оны эхний есөн сард нийт 155 улстай 5,78 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Үүнээс 3,33 тэрбум ам.долларын экспорт хийсэн бол 2,44 тэрбум ам.доллар нь имдортод ногдож байна. Өнгөрсөн сард бууз, банш, архи, амтат ундаа, ус, хэвлэмэл хуванцар картууд, хиаман төрлийн бүтээгдэхүүн, төмөр замын дэр мод зэрэг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсчээ. Аж үйлдвэрийн салбарынхан дээрх бүтээгдэхүүнийхээ 61,1 хувийг гадаад зах зээлд борлуулсан байх юм. Хэдийгээр экспортолсон бүтээгдэхүүний нэр төрөл олон ч экспортод онцгой жин дардаг нь уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүн хэвээр байна. Зэсийн баяжмал, нүүрс, чулуун нүүрс, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, боловсруулаагүй газрын тос, төмрийн болон цайрын хүдэр баяжмал урьдын адил экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байна. Зэс л гэхэд гэхэд нийт экспортын үнийн дүнгийн 38,2 хувийг дангаар эзэлжээ. Гэхдээ экспортолсон эрдэс баялгийн хэмжээ урьд өмнөхөөс өссөн ч нийт үнийн өсөөгүй гэдгийг статистикчид онцолж байна. Өөрөөр хэлбэл эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөөгүй гэсэн үг ажээ. Урьдынхаасаа илүү их хэмжээний бүтээгдэхүүн экспортолж байж урьдын хэмжээний орлого олж буй юм.
Импортын хувьд ч эрдэс бүтээгдэхүүн 20,5 хуюийг эзэлсэн хэвээр байна. Импортын барааны удаах байрт машин, механик төхөөрөмж, зурагт, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, тэдгээрийн сэлбэг, эд анги жагсчээ. Энэ бүгд нийт импортын 20,5 хувь, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 12,9 хувь, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 9,3 хувь, хими, химийн бүтээгдэхүүн 7,9 хувийг эзэлж байна.