Залуу бизнесмэнүүд буюу багийн эзэд

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

Залуу бизнесмэнүүд буюу багийн эзэд

Хүй долоон худаг руу бус хөлбөмбөгийн ногоон талбайг зорих шинэ үеийн залуус олон болжээ. 

"Хөрөнгө бэлтэй бол морь уядаг" гэсэн ойлголтыг одооны залуус, тэр дундаа Монголын нефтийн магнатын хүүхдүүд эвдэж эхэлжээ. "Шунхлай"-н Батсайханы хүү Гантиг, "Магнай Трейд"-ийн Ганзоригийн хүү Дашням, "Петровис"-ийн Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн гээд Монголын хөлбөмбөгийн лигт өөрсдийн багтай болсон залуусыг нэрлэвэл цөөдөхгүй. Үүн дээр нэмэгдээд "Ажнай" Д.Бат-Эрдэний хүү ирэх жилээс хөлбөмбөгийн Дээд лигт өөрийн багаа сойх нь тодорхой болжээ.

Залуу эзэд багийнхаа тоглолтыг үзэж, дэмжин, хөлбөмбөгийн ногоон талбайд ихэнх цагаа өнгөрүүлдэг гэнэ. 

"Арвайн үндэс" компанийн "Хүрхрээ" брэнд Монголын хөлбөмбөгийн холбоотой дөрвөн жилийн хугацаатай гэрээ үзэглэсэн нь өнөөдрийн "Хүрхрээ" лигийн амжилт, хөлбөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх бодит дэмжлэг болж, улмаар залуу бизнесмэнүүдийн анхаарлыг Хүй долоон худаг руу биш хөлбөмбөгийн ногоон талбай руу чиглүүлсэн биз. 

Үеийн найзуудаа хөлбөмбөгийн багтай болгох спортын менежментийн давалгааг "Улаанбаатар Сити" багийн эзэн Дашням тэргүүлдэг сурагтай. Хөлбөмбөгийн хөгжлийг дэмжиж яваа тэрбээр "Хүрхрээ" лигийн хаалтын үеэр багийн ахлагчдаа машины түлхүүр гардуулсан нь энэ жилийн бас нэгэн сюрприз байсан юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж