Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зика вирусын халдвар Азид маш хурдацтай тархаж буйг анхааруулсан байна. Сингапурт хэдэн зуун тохиолдол бүртгэгдэхийн хажуугаар Тайландад хоёр ч нярай зика вирустай төрсөн тохиолдол бүртгэгдээд байна.
Шумуулаас гаралтай вирус нь дэлхийн 70 оронд бүртгэгдээд байгаагаас Ази Номхон далайн 17 орон тэр дунд багтжээ.
ДЭМБ-ын захирал Маргарет Чан "Эрдэмтэд дээрх вирусийг устгах аргыг судалж байгаа боловч Зикатай холбоотой олон асуултуудад тодорхой хариулт өгж чадахгүй байна" гэв.
Түүнчлэн тэрбээр Ази дахь зикагийн тохиолдлууд өсөх хандлагатай байгаа талаарх судалгааны үр дүнг танилцуулсан байна.
Вирус хурдтай тархаж буй шалтгаан нь аялал жуучлал, халуун дулаан уур амьсгал, хүн амын дархлааны системтэй шууд холбоотойгоос гадна зикаг тээгч Aede шумуул ази тивд ялангуяа ази номхон далайн орнуудад өсөх хандлагатай байгааг онцолсон байна.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж:BBC