Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2016.10.11/ болж буй бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн эрх мэдлийг сэргээх асуудал хөндөгдөх мэдээлэл байна.
Энэ тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг Засгийн газрын хуралдаанаас томилох эрх нээгдэх аж.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бусад” гэсэн асуудлыг оруулахаар байгаа. Эл асуудлын хүрээнд дээрх 51 хувийн асуудал багцлагдаж орж ирж мэдэх аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Энэ долоо хоногт багтаан “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг сэргээнэ” гэдгээ мэдэгдсэн юм.
Онцлоход, Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хийсэн ээлжит хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалт болон түүнтэй холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд, “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувь нь хувийн хэвшлийн 49 хувийн эзэмшлээс ч бага эрх мэдэлтэй болсон гэж үзсэн юм.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбоотойгоор гаргасан Сангийн сайд асан Б.Болор нарын тушаалыг олон нийтэд ил болгохоо ч мэдэгдээд байгаа.
Г.ДАРЬ