“Герман, Монголын хамтын ажиллагааны өдрүүдэд” үзэсгэлэн “Шангри-Ла” зочид буудалд болж байна. Герман, Монголын бизнесийн холбооноос зохион байгуулж буй Монголд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Герман, Монголын компаниудын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө.
Зургаа дахь удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ Монгол, Германы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагдаж байна. Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Штефан Дуппел, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга /ЭТИС/ хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселман нар оролцож үг хэллээ.
Энэ жилийн үзэсгэлэнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 50 орчим аж ахуйн нэгж Герман улсаас оролцож, технологио танилцуулж байна. 40 гаруй жилийн түүхтэй “Rudis”компани өнгөрсөн оны эхээр дэлхийд мэндэлсэн цоо шинэ технологи бүхий бүтээгдэхүүнийг Монголын зах зээл, тэр дундаа уул уурхайн салбарынханд танилцуулж байна. Үзэсгэлэнд алдарт Porsche машины албан ёсны дистрибьютер компани,олон улсын буухиа шуудангийн,ʺ DHL- Expressʺ ХХК, цонх, хаалга, хөнгөн ган бүтцийнʺ UMECOʺ зэрэг компаниуд оролцож байгаа юм.
Мөн дэлхийн олон оронд эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн экспортлодог Денкфармынхан хүний биед нэн шаардлагатай эрдэс витаминуудаа амтлуулж байгаа нь үзэсгэлэнд оролцож байгаа зочдын таашаалд ихэд нийцэж байгааг үйлчлүүлэгчид дуулгалаа.
“Герман, Монголын хамтын ажиллагааны өдрүүдэд” үзэсгэлэнгийн үеэр компаниудын сурталчилгааг дэлгэрэнгүй тайлбарласан илтгэлүүдийг тавьж байгаа аж.
“Шангри-Ла” зочид буудалд болж буй “Made in Germany” үзэсгэлэнд та өнөөдөр амжиж очоорой.
Ч.ЧУЛУУН