Галт зэвсэг, хүйтэн мэсээр сүрдүүлж, арав гаруй хүний биед халдсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилсаар байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр зургаан сэжигтний дөрвийг нь баривчлан саатуулаад байгаа бөгөөд үлдсэн хоёрыг нь эрэн сурвалжилсаар байгаа аж.
Хэрэг аравдугаар сарын 09-10-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, БНСУ-ын ЭСЯ-ны хуучин байрны хажууд “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр шөнийн 02.00 цагийн орчимд орон сууцны найман давхарт эрэгтэй хүмүүсийн чанга дуугарах, зодолдох дуу чимээ гарч, оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж эхэлсэн байна. Улмаар тус байрны нэгэн оршин суугч орцны жижүүрт болон цагдаад мэдэгджээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албаныхан болон Эрүүгийн цагдаагийн газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгаж, буу гаргаж дээрэм хийсэн, мөн 10 орчим иргэнийг зодож, хутгалж гэмтээсэн бүлэг этгээдийн хоёрыг нь хэргийн газар дээр баривчилсан байна. Тодруулбал, хэргийн газарт байсан 10 иргэнд А, Б нарын зургаан хүн “АК-М” маркийн буу тулган сүрдүүлж, залуусыг хутгалан 40 сая төгрөг болоод бусад эд зүйлсийг дээрэмджээ.
Хэргийн газраас зугтсан хоёр этгээд болон дээрэмдүүлсэн гэх мөнгө, бусад эд зүйлсийг мөрдөх албаныхан эрэн сурвалжилсаар байна. Түүнчлэн цагдаагийн байгууллага гэмт этгээд дээрэм хийхдээ ашигласан галт зэвсгийг хаанаас олж авсан болон дээрэмдүүлсэн 10 залуу олноороо шөнийн цагаар юу хийж байсан, дээрэмдүүлсэн гэх их хэмжээний мөнгө нь хууль бус байсан уу зэргийг нарийвчлан шалгаж эхэлжээ.
ХОХИРСОН ИРГЭД МЭДҮҮЛЭГ ӨГЧ ЭХЭЛЖЭЭ
Халдлагад өртөж дээрэмдүүлсэн гэх 10 хүн нь 25-31 насны залуус байсан бөгөөд дээрмийн үеэр мэсний шарх авсан хоёр иргэнийг яаралтай түргэн тусламжийн эмч нар Цэргийн госпитальд хүргэсэн байна. Мэсний шарх авсан хоёр иргэний биеийн байдал одоогоор маш хүнд байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Учир нь, нэг хүн нь ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж буй аж. Харин бусад нь хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан учир цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгч эхэлсэн гэнэ.
ДЭЭРЭМ ХИЙСЭН СЭЖИГТНҮҮДЭД 10-ААС ДЭЭШ ЯЛ ОНООХ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ
Саатуулагдан шалгагдаж буй сэжигтэн А, Б нарыг Эрүүгийн хуулийн 147.3 дугаар зүйл ангиар буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие мах бодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтаар буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэжигтэн А нь жилийн өмнө өршөөлөөр суллагдсан аж. Харин сэжигтэн Б нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар буюу “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан” гэсэн заалтаар буруутгагдан, хэрэг нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байх явцад дахин эрүүгийн гэмт хэрэг үйлджээ.
МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДОД ЗОРИУЛАН ТҮРЭЭСЭЛЖЭЭ
www.medee.mn сайтад мэдээлснээр хэрэг гарсан таван өрөө байрыг иргэн Х гэгч хоёр сая орчим төгрөгөөр түрээсэлж авсан боловч тус байранд тогтсон айл гэр бүл аж төрдөггүй байсан аж. Ойролцоох оршин суугчдын хэлж буйгаар, найман давхарын тоот айлд хэдэн залуус эргэлдэх болсоор сар орчмын нүүр үзжээ. Мөн түрээслэж авснаас хойш тавилга сэлт нүүлгэж оруулж байгаа харагдаагүй гэх ба шөнийн цагаар хаа нэг олны хөлийн чимээ дуулдах болсон гэсэн юм. Уг байранд үе үе хүмүүс цугларч, мөрийтэй тоглоом тоглодог байсан гэдгийг өөр нэгэн эх сурвалж хэлж байсан тухай бичсэн байна. Хэрэг гарсан өдөр харьцангуй цөөн хүн байсан аж. Хэрэг гарсан байрыг эзэмшигч нь бусдад түрээсэлсэн бөгөөд түрээлж авсан хүн мөрийтэй тоглоомчдод зориулан түрээсэлсэн байх магадлал өндөр байгаа аж.
Д.УУДАМ