Киноны уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлж, залуу уран бүтээлчдийг тодруулах, Монгол киног олон улсын наадамд өрсөлдүүлэх зорилготой “48 цаг” кино наадмын шилдгүүд өнгөрсөн долоо хоногт тодорсон. Уг наадамд нийт 28 баг оролцсоноос Гран при шагналын эзнээр “Scream team” багийн “Хүй” кино шалгарсан юм. Тэгвэл уг бүтээл ирэх оны гуравдугаар сард АНУ-ын Сиэтл хотод болох “48 цаг” наадамд 150 орны бүтээлтэй өрсөлдөхөөр болжээ.
“Scream team” багийнхан долоо дахь удаагийн бэсрэг кино наадамд аймшиг, нөхөрлөлийн сэдэв сугалсан бөгөөд “Шилдэг найруулга”, “Шилдэг зураг авалт” номинацийн эзнээр шалгарсан юм. Тус багийнхан гурав дахь жилдээ “48 цаг” уралдаанд оролцохдоо Гран приг хүртжээ.
Энэхүү кино наадамд оролцогч баг тус бүр нэг сэдэв сугалж, хоёр өдрийн дотор 4-7 минутын кино бүтээн оролцдогоороо бусад наадмаас онцлогтой юм.
Ч.БОЛ