Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

Таслалын ид шид

Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя-27

Бид цаасан дээр үсэг залгаж үг, үг холбож өгүүлбэр болгон уншиж, ярьж, бодсон санаснаа бусадтай хуваалцдаг. Харин дунд нь таарах цэг, таслал, асуух, анхааруулах тэмдгийг уншилгүй урт, удаан зогсож, эгшгийг нь өргөж, буулгаж элдэв утгыг гаргадгаа  өөрсдөө ч мэддэггүй.

Нүдэнд харагдавч гарт баригддаггүй таслал буюу түдцийн эрдэм ухааныг таниулах гэж хэл шинжээчид “Казнить, нельзя помиловать!”, “Казнить нельзя, помиловать!” гэдэг жишээ зохиожээ. Эхнийх нь “Цаазал, өршөөж болохгүй!” гэсэн бол дараагийнх нь “Цаазалж болохгүй, өршөө!” гэсэн үг. Төдийлөн анзаарагдахгүй тэмдэг тэмдэглэгээ чимээгүйхэн хааны зарлигийг ингэж орвонгоор нь өөрчилж, эрдэнэт хүний амийг аврах шидтэй. Энэ өгүүлбэр бол  дунд, их сургуулийн орос хэлний багш нарын таслалын үүргийг таниулдаг сонгодог жишээ.

Харин Саруул багш Оросын хатан хаан Мария Федоровна “Простить нельзя, отправить в Сибирь!” гэсэн тушаалын үг, үсэг, цэг таслалыг нэмж хасаагүй ч “Простить, нельзя отправить в Сибирь!” гэж таслалыг нь сэмээрхэн урагшлуулж III Александр нөхрөө цөллөгөөс авч үлдсэн үнэн түүхийг хүүрнэж билээ. Тодруулбал хэлний боловсрол сайтай хатан хаан “Уучилж болохгүй, Сибирт цөл!” гэсэн тушаалыг “Уучил, Сибирт цөлж болохгүй!” болгосон гэнэ.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Үгээр алах амийг таслалаар аварсан түүх” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж