“Люмино” хамтлагийн гишүүн Бажи буюу Батжавын Батхишигтэй ярилцлаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгуулийн 18 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа юм.
-“Люмино” хамтлагийн гишүүн Бажи гэнэт улс төрд хүч үзэхээр болсон нь содон үзэгдэл байлаа. Яагаад улс төрд хүч үзэх болов?
-Улс төрд орох болсон шалтгаан гэвэл олон юм ярина. Гэхдээ миний хувьд ардчиллыг анхнаас дэмжиж ирсэн хүний нэг. Аав маань ардчилсан хувьсгалын үеэр тэмцэж явсан хүн л дээ. Дээрээс нь, аав минь архитекторч мэргэжилтэй болохоор хүүхдүүдээ багаас нь хотын соёлд сургаж, хүмүүжүүлсэн байдаг юм. Хоёрдугаарт, “Люмино” хамтлагийн зарим дуунууд нийгмийн сөрөг талуудыг ил гарган, хүчтэй шүүмжилсэн өнгө аястай байдаг. Энэ нь ардчиллын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхээ эдэлж буйн илрэл юм. Энэ үзэл бодолдоо үнэнч хэвээр л байна. Хүмүүс намайг анхнаасаа зөвхөн дуулдаг гэж хүлээж авсан байх л даа. Гэхдээ миний хувьд нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог залуусын нэг. Ер нь залуу хүн ямар байх ёстой гэхээр тухайн нийгмийнхээ дуу хоолой болж явдаг байх хэрэгтэй. Ялангуяа бидний ярьдгаар олны танил хүмүүс. Бусдадаа үлгэр дууриалал үзүүлдэг, залуус нь эргээд тэднээс сайн зүйлийг нь авдаг, хамгийн гол нь нийгмийнхээ дуу хоолой нь байх ёстой.
-Ямар дуу хоолой болно гэж?
-Болж байгаа зүйлийг нь дэмждэг, болохгүй юмыг нь шүүмжилдэг идэвхтэй гүүр нь байж болно. Магадгүй энгийн нэг хүн орилоод явах, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болсон хүн тэмцээд явах хоорондоо ялгаатай. Би өөрөө Улаанбаатарын унаган хүүхэд. Зах зээлийн нийгмийн хүнд хэцүү цаг, картын барааны үе гээд бүгдийг нь туулж өнгөрсөн. Би нэг юмыг одоо ч мартдаггүй юм. 1993 он билүү 1994 онд сүрьеэ тусаад эмнэлэгт хэвтсэн юм. 13 настай байсан санагдаж байна.Тэгэхэд надад наркоз хийж байсан эмч “Эгчийн дүү эгчийгээ уучлаарай. Манай эмнэлэгт зүү алга” гэж хэлж билээ. Тэгээд тарианы биш дусал залгадаг үхэр зүүгээр наркоз хийж байсан. Эмнэлэгт тарианы зүү байхгүй болохоор өөр юмаар орлуулж байгаа нь тэр л дээ. Картын барааны үед Монгол Улс тийм л байсан. Ийм хэцүү хүнд цаг үеийг бид туулж ирсэн. Мэдээж тэр үетэй харьцуулахад өнөөдөр маш том баялгийг бүтээсэн. Гэхдээ төр барьж байгаа хэсэг хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болж илүү гоё байх байсан боломжоо маш ихээр алдаж байна.
-Жишээ нь?
-Хүн ганц л амьдардаг. Бид нар ч залуу хүмүүс. Тиймээс одоогийнхоос илүү сайхан амьдрах байсан боломжоо алдаад байгаад л асуудал байна. Уг нь тэр боломж нь байсан уу гэвэл байсан. Одоо ч байгаа. Харин түүнийг нь болохгүй байна гэж хэлэх, нийгмийнхээ дуу хоолой болох залуус хэрэгтэй байна. Үүний тулд л би нийгмийнхээ дуу хоолой нь болохыг эрмэлзсэн юм. Түүнээс биш шууд улс төрд ороод амбийцлаад байгаа юм байхгүй. Миний хувьд 21-22 настай жоохон хүүхэд биш. 36 нас хүрлээ. Энэ хугацаанд тодорхой хэмжээний хийсэн юм байгаа шүү дээ. Монголчууд ярьдаг. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж. Үүнтэй адилхан Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулах дөрвөн хүүхдийг зөв хүмүүжилтэй болгох нь миний үүрэг. “Люмино” хамтлаг байгуулагдаад 18 жил болж байна. Харин өнөөдөр нийгмийн төлөө дуугарах, дуу хоолой нь болох ёстой гэж өөрийгөө бодсон. Нэг жишээ хэлэхэд миний бие энэ хавар хамтлаг дуучидтай хамтран "Голомт" банкны дэмжлэгтэйгээр улаанбурхан өвчний эсрэг аян санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс гадна манай хамтлаг хүүхдийн төлөө “За” хөтөлбөрт байнга идэвхитэй оролцоод явдаг. Энэ мэтчилэнгээр яривал их юм бий.
-Таны бага нас Улаанбаатарын яг аль хэсэгтэй холбогддог юм бэ?
-13 дугаар хорооллын дөрөвдүгээр байранд өссөн хүүхэд. Нэг ёсондоо 13 дугаар хороолол бол миний “дош”. Манай хамтлагийн хоёр ч 13 дугаар хорооллынхон. Одоо ч зарим нь амьдарч байна. Тэгэхээр “Люмино” хамтлагийн түүх, бидний хүүхэд нас 13 дугаар хорооллоос үүдэлтэй. Би санадаг юм. Хамгийн анх 1987-1988 онд оросууд 13 дугаар хорооллын эхний хэсгийг барьж ашиглалтад оруулсан байдаг. Үргэлжлүүлээд монголчууд барьж дуусгасан байх. Өөрөөр хэлбэл, хов хоосон байсан газар 13 дугаар хороолол миний нүдэн дээр босч байлаа шүү дээ. Тэгэхэд дэд бүтэц, хот төлөвлөлт нь маш эмх цэгцтэй байсан. Гэтэл өнөөдөр ямарч зай завсаргүй13 дугаар хороолол дундах хот төлөвлөлт нь алдагдчихсан.
-Орцноосоо гараад л автозамын хөдөлгөөнд “оролцдог” орон сууц цөөнгүй бий?
-Тийм. Гараад л түгжирдэг ч газар байгаа. Замбараагүй газар олголтоос үүдэж хот төлөвлөлт нь алдагдсан ийм л байдалд бид амьдарч байна. Хүмүүстэй уулзаад явахад маш олон асуудлыг хөндөж байна. Оршин суугчид нь “Энэ замыг засаад өгөөч”, залуучууд нь сагсны шийд, хүүхдийн тоглоомын талбайг янзалж өгөөч гэдэг ч юм уу. Гэхдээ энэ бол тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийн жижигхэн хэсэг нь байхгүй юу. Өчигдөрхөн гэхэд барилга барьж байгаа хүмүүсийн хооронд зодоон болоход дүүргийн цагдаа нар ирээд бяцхан мөргөлдөөн болж байх жишээтэй. Жижигхэн орон сууцанд хүртэл маш том асуудал байдаг. Хүүхдээ гадаа салхилуулахыг хүсч байна. Амар тайван аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна гээд олон асуудал бий. Энэ бүх асуудлыг ойроос хардаг, иргэдтэй тулж ажилладаг хүмүүс нь УИХ-ын гишүүнээс илүү дүүргийн ИХ-ын төлөөлөгч байдаг. Миний хувийн бодол доо. Гэхдээ улстөрчид сонгогдож гарч ирчихээд ард түмнээ мартчихдаг. Энэ бол зүгээр энгийн асуудал. Миний хувьд залуучуудтайгаа хамтраад ажиллая гэсэн бодолтойгоор л энэ шийдвэрийг гаргасан. Үүнээсээ би буцахгүй.
-Сүүлийн үед олны танил хүмүүс, ялангуяа урлаг соёлын салбараас их нэр дэвшиж байна л даа. Тэдний нэг нь та болж байна. Ер нь урлаг соёл, спортоос улс төр рүү орох шалтгаан нь юу байдаг юм бол?
-Ямар ч хүнд сонгох, сонгогдох эрх бий. Хамгийн гол нь, ямар шатнаас, хаанаас гэдгээ зөв харах хэрэгтэй. Уг нь эхлээд суралцах ёстой. Өөрөөрөө жишээ аваад хэлэхэд, би бол урлагийн салбартаа дунд ангийн сурагч гэж бодохын бол улс төр талаасаа дөнгөж бэлтгэл ангийн хэмжээнд дүйнэ. Ер нь аливаа юмыг хийхдээ эхлээд заавал бага шатнаас нь суралцах ёстой. Тэгж байж өөрийн гэсэн тодорхой ойлголттой болно, иргэдтэйгээ илүү ойртоно. Тэгэхгүйгээр шууд УИХ-д нэр дэвшинэ гэдэг бол хэцүү. Үүнтэй би ерөөсөө санал нийлдэггүй. Мэдээж хүн болгонд сонгогдох эрх нь бий л дээ. Гэхдээ анхнаас нь явсан байх нь чухал. Миний хувьд тийм л зарчмыг баримталсан. Түүнээс биш хэн нэгнээр крандуулсангүй, лифтэнд суухыг хүсээгүй.
-“Люмино” хамтлагийн хувьд төр, засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн олон арван дуу гаргаж байсан. Харин өнөөдөр тэдгээр дуугаа бодит байдлаас нь, ойроос харах, магадгүй шийдвэрлэх зорилгоор таныг нэр дэвшиж байна гэж ойлгох болох уу?
-Хип хоп гэдэг бол бусад урлагаасаа ялгаатай нь нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх асуудлыг бодит үнэнээр нь хэлдэг. “Люмино” хамтлагийн дууг бүхэл бүтэн улсын хэмжээнд цацахыг хориглож л байсан. Энэ маань залуу хүмүүс ямар хүчтэй, нийгмийн дуу хоолой болдог, хүмүүсийн хүсч байгаа юмыг гаргаж чаддаг юм байна гэдгийг харуулж байгаа том үнэлэлт.
-Улстөрч болсноороо та уран бүтээлээ бүр орхиж байгаа юу?
-Үгүй.Миний хувьд улс төрд орсноор уран бүтээлээсээ хөндийрч байгаа юм биш. “Люмино” хамтлагийн шинэ цомог удахгүй гарах гэж байна. Шинэ дуунууд энэ долоо хоногоос цацагдах гэж байна. Миний хувьд ямар нэгэн албан тушаал горилж улс төрд орсон зүйл огт байхгүй. Харин уран бүтээлийнхээ хажуугаар иргэдийн дуу хоолой болж явъя гэж бодсон юм. Улс төрд орсноороо миний уран бүтээлтэй огт харшилдахгүй гэж бодож байна. Угаасаа ард түмний төлөөлөл, дуу хоолой болоход дуучин, уурхайчин, багш, эмч, цэрэг байх нь ямарч хамаагүй асуудал.
-Таныг улс төрд орж байгааг хамтлагийнхан чинь яаж хүлээж авсан бэ?
-Манай хоёр дэмжиж байгаа шдээ. Хамтлаг гэдэг бол өөрөө маш чухал үг. Жишээ нь, Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас 41 хүн нэр дэвшиж байгаа. Тэдэнтэй гараад уулзахад гоё сэтгэгдэл төрүүлсэн нь дандаа залуучууд байна. Бүгдээрээ хэн нэгний шахаанд ороогүй, хийж бүтээе гэсэн сэтгэлгээтэй, болохгүй байгаа асуудалтай тэмцэхэд бэлэн хүмүүс. Энэ зарчим бидэнд хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн хүү бас дэвшиж байгаа?
-Тийм. Ерөнхийлөгчийн хүү Эрдэнэ дэвшиж байгаа. Бид санаа бодлоо солилцож, хамтдаа багаараа энэ удаагийн сонгуульд оролцож байна.
-Нэг үеийнхэн билүү?
-Надаас дүү л дээ. Гэхдээ ИТХ-д нэр дэвшиж байгаа Саруул, Эрдэнэ гээд чадалтай залуус байна. Ер нь хайрцаглагдаагүй, шинэ давалгаа болсон ийм залуучууд өнөөгийн нийгэмд ус агаар шиг л хэрэгтэй.Тиймээс ч эдгээр залуустай хамтдаа нэр дэвшин, нэг баг болж ажиллаж байгаадаа баяртай байна. Хамтлагаар л жишээ авахад хамтлаг гэдэг бол ерөөсөө л багийн ажиллагаа. Хамтлаг хамтаараа “лаг” гэдэг шүү дээ. “Люмино” хамтлаг байгуулагдаад 18 жилийн турш хамт зовлон, жаргалаа хуваалцаад ажилласан болохоор миний хувьд багаар ажиллах, бусдыг сонсох, үзэл бодолдоо тууштай байх тал дээр нэлээд туршлага хуримтлуулсан. Цаашдаа ч бид олон жил хамт явна. Тийм болохоор залуучуудтайгаа энэ удаагийн дүүргийн сонгуульд санаа бодлоо нэгтгээд бодлогоо боловсруулаад хамтдаа оролцож байна. Бидэнд хийх юм их байна.
-Ингэхэд та хэзээ намд элссэн юм?
-Удаагүй ээ (инээв). Өмнө нь бол Ардчилсан намын сонгуулийн ажилд оролцоод явдаг байсан. Харин энэ удаад өөрийгөө сорьж үзье гээд нэр дэвшиж байгаа юм. Хүмүүстэй уулзаад явахад маш их урмын үг хэлж байна. Хүнд урам хэрэгтэй шүү дээ. Хүн болгон хүнд таалагдах албагүй. Тийм байлаа гээд залуу хүн шантарч болохгүй. Бурхан хүртэл хүн бүрт таалагддаггүй шүү дээ.
-Таныг “Люмино” хамтлагийн гишүүн Бажи гэдгээр чинь хүмүүс илүү танина. Харин Бажигийн аав, ээж нь юу хийдэг, ямар мэргэжилтэй гэдгийг төдийлөн мэддэггүй шүү дээ?
-Тиймээ. Хүмүүс “Люмино”-гийн Бажи гэдгээр нь мэддэг. Миний нэр бол Батхишиг. Аавыг маань Батжав, ээжийг Хишгээ гэдэг юм. Хамгийн анхны ууган хүү нь болохоор миний нэрийг аав, ээж дундаасаа гаргаж нэрлэсэн их билэгшээлтэй нэр. Аав маань архитекторч, ээж их эмч. Ийм л нэгэн гэр бүлд өсөж бойжсон хүн. Бага сургуулиа Орос 164 дүгээр сургуульд сурсан. Мөн Улсын тэргүүний нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг дипломатч мэргэжилтэй төгссөн.
-Тэгээд мэргэжлээрээ ажилласан уу?
-Ерөөсөө ажиллаагүй л дээ (инээв). Урлаг гэдэг юм руу гүн орчихсон байсан үе болохоор тэгсэн байх. Тэглээ гээд сурч боловсрох асуудлыг хойш тавиагүй. Францад гурван жил сурсан. Ингэхдээ зуны цагт Монголд ирээд хамтлагийнхантайгаа уран бүтээлээ туурвиад өвөлдөө буцаад явчихдаг байсан юм.
-Амралтаараа ирдэг байсан хэрэг үү?
-Тийм. Амралтаараа ирж эндэх асуудлаа жин тан болгочихоод л өвөлдөө буцдаг байдаг. Анх бид тэгж л ажилладаг байлаа шүү дээ. Миний ажлын туршлагын хувьд 2006 онд “LU entertainment” студийг байгуулж байлаа. Хэсэг залуустай хамтарч маш олон реклам хийсэн. 2011 онд “Монгол масс медиа” группт Маркетингийн газрын захирлаар ажилласан. Тэгэхэд маш олон зүйлийг багаараа хийсэн. Тухайн үед агентлагийн зүгээс бидэнд маш олон боломж гаргаж өгч байсан. Тиймдээ ч найзуудтайгаа нийлээд Монголд анх удаа “NBA”-гийн тогтолтыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах эрхийг авч байлаа. Энэ бол залуучуудын хувьд том зорилго байсан. 2013 оноос эхлэн “Sentino Lighting” компанийн гүйцэтгэх захирлаар нь ажилласан.
-Улаанбаатар хотын унаган хүүхдийн хувьд өнөөдөр манай оронд болон нийслэлд яг юу хийх ёстой гэж боддог бэ. Ялангуяа залуус руу чиглэсэн ямар ажлыг хийх хэрэгтэй гэж хардаг бол?
-Улаанбаатарт учир дутагдалтай зүйл олон байна. Бид уг нь орчин үетэйгээ, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, яг нэг цаг үед алхаж байх ёстой. Зөвхөн сонгууль дээр л жишээ авахад хүмүүсийг зөөж санал өгүүлдэг инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг дүр зураг өнөөдөр манай улсад байсаар л байна. Харин энэ үйл явдал аль 1860-иад оны үед Америкт болж байснаар “Gangs of New York” кинон дээр тодорхой гардаг. Тэгэхээр бид нар дэлхий ертөнцтэй харьцуулахад хаана яваагаа харж болно. Хамгийн гол нь сонгогчдын боловсрол маш их орхигдож байгаа нь бас харагдаж байна.
Ер нь гуравхан сая хүн амтай мөртлөө бид нар яаж амьдраад байна аа. Монголыг би тийм ч том эдийн засагтай орон гэж хэлэхгүй. Хятадын жижигхэн хот юм уу, гадаадын нэг компанийн төсөвтэй тэнцэх л эдийн засагтай. Тэгсэн атлаа мөнгөгүй болчихлоо, эдийн засаг унаад байна гэж ярьдаг. Бидэнд боломж байгаа юу гэвэл байгаа. Монгол бол уудам сайхан газар нутагтай, 60 орчим сая малтай. Өвөг дээдэс маань ч бидэнд хангалттай сайхан байгаль, газар доорх баялгийг үлдээсэн. Энэ бүгдийгээ л ухаантай ашиглах юм бол ямарч асуудалгүйгээр хангалттай амьдрах боломжтой. Гэтэл өнөөх л хэсэг бүлэг цөөн тооны хүмүүс бусдын биш өөрсдийнхөө төлөө л амьдраад байна. Үүнийг халах хэрэгтэй. Хүн гэдэг бол боловсорсон соёлтой байх ёстой. Яг л биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг шиг. Гэтэл тэгээгүй хүмүүс манайд олон байна. Залуусыг хараад байхад болохгүй зүйл зөндөө бий. Гэхдээ үүнийг үлгэр дууриалал болгодог хүмүүсээс эхлээд нийгэм өөрөө сайхан болж байж засарна. Энгийн жишээ ярихад автомашины хамгаалалтын бүс байна. Монголчууд гадаадад очихоороо автоматаар суудлын бүсээ бүслэдэг. Яагаад гэхээр тэнд бүх хүн нь суудлын бүсээ бүслэдэг болохоороо өөрийн эрхгүй дагадаг. Гэтэл монголдоо ирээд хийдэггүй. Тал нь хийгээд тал нь хийдэггүй болохоор тэр шүү дээ. Хүрээлэн буй орчин болон нийгэм нь тухайн хүнийг “Чи хий ёстой” гэсэн соёлын хэм хэмжээнд сургачихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр хотын соёл зөв орчныг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй.
-Тэрхүү орчныг бүрдүүлэхийн тулд юунаас эхлэх ёстой юм бол?
-Цаг хугацаа хэрэгтэй л гэж боддог. Бүх зүйл өргөс авчихсан мэт шууд зүгээр болчихгүй шүү дээ. Үүнийг нэг нам гарч ирээд, мөрийн хөтөлбөр дэвшүүлээд хийчихдэг юм биш. Гадаадын том орны хөгжлийн загварыг харахаар нэг гаргасан хөтөлбөрөө ямар ч Засгийн газар гарсан үргэлжлүүлээд төрийн хэмжээний урт хугацааны хөгжлийн цогц бодлого болгоод хэрэгжүүлдэг.
-Манайд бол өмнөхөө үгүйсгэдэг, өөрчилдөг жишиг тогтсон?
-Тэр хамгийн буруу. Аль ч нам гарсан өмнөх шийдвэрээ үргэлжлүүлээд, хөгжүүлээд явдаг байх ёстой. Тэгж байж 30-40 жилийн дараа эерэг үр дүн гарна. Олон жилийн тууштай бодлого л хамгийн зөв гэж боддог. Манайд болохоор нэг нь дөрвөн жил гараад юм хийхээр нөгөөх нь өөрчилдөг. Энэ бол улсынхаа хөгжлийг хойш татаж байгаа шалтгаануудын нэг. Дээр хэлсэнчлэн бидэнд одоогийнхоос илүү сайхан амьдрах боломж байсан. Үүнийгээ заримдаа ашиглаж чадаагүй байх. Гэхдээ бидний үр хүүхдүүд илүү сайхан орчинд амьдармаар байна шдээ. Тэр асуудлын төлөө хэн орилж, хашгирч, тэмцэх вэ гэвэл бид өөрсдөө. Дуугүй байгаад байх юм бол дээр байгаа хүмүүс өөрсдөдөө ашигтай юмаа хийгээд яваад л байна. Ард түмний дуу хоолой болж тэмцэж байж бид хамтдаа амжилтад хүрнэ. Ингэхийн тулд олонх болж нэг санаа, нэг зорилготойгоор ажиллах ёстой. Одоогийн сонгууль бол миний хувьд маш том сорилт. Ямарч байсан тойргынхоо хүмүүст илүү ойр ажиллахыг хүсч байна.
ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
Холбоотой мэдээ