Улсын их хурлын /УИХ/ болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ 2016 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажилласан мониторингийн дүнг өнөөдөр /2016.10.13/ Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албанаас танилцууллаа.
Энэ удаад 2016 оны сонгуулийн мэдээллийг 2012 онтой, мөн сурталчилгаа эхлэхийн өмнөх үетэй харьцуулжээ. Судалгааг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх 14 хоног, албан ёсоор эхэлснээс хойш 18 хоногт зургаан сонин, таван цахим сайт, нэр дэвшигч, сэтгүүлчдийн 24 фэйсбүүк, 23 аккаунтад хийсэн байна.
Мэдээж сурталчилгаа эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад сонгуультай холбоотой мэдээ сонин, нийгмийн сүлжээнд хоёр дахин, харин цахим сайтад тав дахин өсчээ.
Тэгвэл 2016 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн сонгогчдын боловсролд түлхүү анхаарч, энэ чиглэлд бүтээлээ чиглүүлсэн нь харагдсан байна. Ялангуяа тогтмол хэвлэлүүд 2012 онтой харьцуулахад сонгуулийн сурталчилгаагаа багасгаж, оронд нь сэтгүүлзүйн бүтээл, мөн сонгогчдын боловсролд түлхүү анхаарчээ. Үүнээс гадна цахим сайтууд ч сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарсан байна. Тухайлбал, сурталчилгаа эхэлсэн үеийг, өмнөх үетэй харьцуулахад цахим сайт дахь сонгогчдын боловсролд зориулсан мэдээ 10 дахин өсчээ. Харин өдөр тутмын сонины энэ төрлийн бүтээл дөрөв дахин өссөн байна.
Мөн сонгогчдын боловсролд анхаарах болсны бас нэг үзүүлэлт нь сурталчилгаа багассанд юм. Тухайлбал, 2012 онд нийт улс төрийн сурталчилгааны 67 хувь нь далд хэлбэрт байсан бол 2016 онд 37 хувь болж буурчээ. Энэ нь хэвлэл мэдээллийнхэн сонгуулийн хуулиа дагаж мөрдөх, сэтгүүлзүйн бүтээлд анхаарах болсонтой холбоотой хэмээн судлаачид тайлбарлалаа.
ТОГТМОЛ БОЛОН ЦАХИМ ХЭВЛЭЛД СӨРӨГ МЭДЭЭ БАГА БАЙЖЭЭ
Тогтмол болон цахим хэвлэлийн хувьд сонгуультай холбоотой сөрөг мэдээ харьцангуй бага байжээ. Гагцхүү төлбөр төлсөн этгээдийн захиалгаар мэдээллийн өнгө аяс тодорхойлогдож байгааг дүгнэсэн байна. Мөн фэйсбүүкэд харьцангуй төвийг сахисан мэдээлэл цацагдсан бол твиттерт сөрөг, гүтгэсэн өнгө аястай мэдээлэл тавигджээ.
МАН-ЫН ТУХАЙ ЭЕРЭГ МЭДЭЭЛЭЛ ДАВАМГАЙЛЖЭЭ
Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын тухай эерэг мэдээлэл давамгайлсан талаар судалгаанд дурьдсан байна. Харин АН-ын тухай сөрөг мэдээлэл давамгайлжээ. Тэгвэл нийслэлийн АН, МАН-ын хувьд эсрэгээрээ байсан аж. Мөн энэ удаагийн онцлог нь хэвлэл, мэдээллийнхэн эмэгтэй нэр дэвшигчдийг онцлон дэмжсэн зүйл ажиглагдаагүй байна. Өмнөх сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдийг бодлогоор дэмжиж, хүйсийн тэнцвэрийг хангахаар зорьдог байсан нь энэ удаа тийм ч их ажиглагдаагүй гэлээ.
ЁСЗҮЙН АЛДАА ГАРГАСАН 24 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
Энэ удаагийн сонгуулийн хувьд сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ёсзүйн зөвлөлтэйгөөр ажилласнаараа онцлог. Тэгвэл сонгуулийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд ёсзүйн алдаа гаргасан 24 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, сонинд 14, сайтад 10 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, үзэл бодлоо баримтат мэдээлэлдээ оруулсан, далд сурталчилгаа агуулсан, зохиогчгүй зэрэг нийтлэг гомдол иржээ. Сөн сонгуулийн үеэр сурталчилгаа буурч, сэтгүүлзүйн бүтээл нэмэгдсэн хэдий ч задлан шинжилгээ хийсэн, сонгогчдын боловсролд чиглэсэн даацтай материал гурав ч хүрэхгүй хувь байгааг онцлон сануулсан юм.