Этгээд үгтэй дуугаараа олны анхаарлыг татсан хип хоп дуучныг Цэцээ нэрээр нь залуус анддаггүй. “Vanguish” хамтлагийн дуучин Н.Цэцэнбилэг Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшиж буй эсэх нь сошиал хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байна. Учир нь реппер Цэцэгийн зурагтай “Хорооныхоо иргэдийг Хоёр гүүрний цаана амьдруулна” гэсэн рекламын зураг фэйсбүүк, Твиттер хуудсаар өнгөрсөн өдрүүдэд тархаж эхэлсэн юм. Тэгвэл “Vanguish” хамтлагийн дуучин Н.Цэцэнбилэг өнөөдөр /2016.10.13/ “Хорооныхоо иргэдийг Хоёр гүүрний цаана амьдруулна” гэсэн уриатай өөрийн рекламын самбарынхаа хажууд зогсож авхуулсан зургаа “TSETSE” гэх пэйж хуудаснаа байрлуулж, фэйсбүүк найзуудаа бүр эргэлзүүлж орхилоо.
Гэхдээ түүнийг орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Тэгвэл “Хорооныхоо иргэдийг Хоёр гүүрний цаана амьдруулна” гэсэн Цэцэгийн зурагтай реклам нь “2 гүүрний цаана” нэртэй залуу уран бүтээлчдийн тоглосон уран сайхны шинэ киноны зураг авалт юм байна. Адал, явдалт инээдмийн “2 гүүрний цаана” УСК-ны зураг авалт дуусч, киноны гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчид Э.Тодгэрэл, н.Шинэбаяр нарын залуус тогложээ.
Д.ЖАГАР