Халдварт өвчин судлалын үндэсний төв өнөөдөр /2016.10.14/ үйлчлүүлэгчийн хөлд дарагджээ. Тус эмнэлгийн нэг давхарт байрлах ЭХО-ны тасгийн үүдэнд бүр 60 гаруй хүн дараалал үүсгэсэн харагдана. Мөн цөөнгүй иргэн сахарын хэмжээгээ мэдэхээр дугаарлан зогсчээ. Халдварт өвчин судлалын үндэсний төв өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 100 хоногийн хүрээнд Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж буй нь энэ ажээ.
Цусны даралтаа үзүүлж суусан нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн С.Болд “Ер нь би жилд нэг удаа шинжилгээ өгдөг. Энэ удаа Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, сахарын хэмжээгээ мэдлээ. Мөн даралтаа үзүүлж, ЭХО-д харууллаа. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, нэг өдөр үнэ төлбөргүй үйлчилж байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ үеэр иргэдийг үнэ төлбөргүй эмчийн үзлэгт хамруулж, сургалт сурталчилгааны материал тарааж байв. Мөн улсын хэмжээнд 18-30 насны залуусыг улаанбурханы эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулж, явуулын рентген аппаратаар цээжний зураг авч, үйлчилж байлаа.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нээлттэй хаалганы өдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн бөгөөд үд гэхэд 200 гаруй хүнд үйлчилж байгаа талаар ахлах сувилагч Б.Гантулга хэллээ. Үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь элэгний В, С вирусээ тоолуулах хүсэлтэй байгааг эмч нар хэлж байв.
УЛААНБУРХАНЫ ДЭГДЭЛТ НАМЖМАЛ БАЙДАЛТАЙ БАЙНА
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү “Бид улаанбурхан өвчний дэгдэлтийг өнгөрсөн хугацаанд намжааж чадсан. Хамгийн сүүлд энэ сарын 3-наас дархлаажуулалтын 10 хоногийн аяныг зохион байгуулсан. Одоогийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт намжмал байдалтай байна. Урьдчилан сэргийлэхийн тулд олон арга хэмжээ авч байгаа. Ер нь товлолын вакцинжуулалт хийгдэхээс гадна сайн дурын вакцинжуулалтад иргэд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна” гэв. Мөн тэрбээр төрөөс улсын хэмжээний ванцинжуулалтыг гаргадаг учраас вакцинжуулалтын хүрэлцээ сайн байгааг хэлж байв.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 26 ТӨРЛИЙН 57 МЯНГА ГАРУЙ ӨВЧТӨН БҮРТГЭГДЖЭЭ
Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа “Улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар 26 төрлийн 57 мянга гаруй өвчтөн бүртгэгдсэн. Мөн өнөөдрийг хүртэлх байдлаар улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй байгаа. Мөн энэ сарын 3-наас эхлэн дархлаажуулалтын 10 хоногийн аяны хүрээнд төвийн бүсийн таван аймгуудад зургаан сар хүрсэн хүүхдүүдэд улаанбурханы вакциныг хийж байна. Эдгээр хүүхдүүд маань гурван сарын дараа дахин товлолын вакциндаа хамрагдана. Өнгөрсөн жил вакцинжуулалтын нас нь болоогүй хүүхдүүд улаанбурхнаар их өвдсөн шүү дээ. Тиймээс улаанбурхны өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хүүхдүүдийг дархлаа тогтоохоор хамруулж байгаа юм. Мөн витамин А-г тав хүртэлх насны хүүхдүүдэд зургаан сар тутамд нэг удаа болон төрж буй ээжүүдэд өгөхөөр болсон. Ингэснээр хүүхэд эхийн сүүгээр дамжин А витамины хэрэгцээгээ авах боломжтой юм” хэмээн мэдээлэл өглөө.