-Хөгжлийн шинэ орчиндоо тохирсон, холыг харсан хууль эрх зүйн зохицуулалтыг юун түрүүнд бий болгохгүйгээр хотын асуудлуудыг шийдэх гэдэг уургагүйгээр загас барихтай адил болжээ-
Нүүдэлчид түүхэндээ анх удаа аварга том хоттой болсон нь өнөөгийн Улаанбаатар юм. Дэлхийд өдгөө манайх шиг 1.5 сая хүн амтай хот 400 гаруй бий бөгөөд тэдгээрийг метрополис хот гэж нэрлэдэг. Өсөлтөөрөө тэдгээр мега хотын түвшинд хүрчихсэн атлаа хөгжлөөрөө хоцорч яваа Улаанбаатарыг уг нь УИХ-аас баталсан Ерөнхий төлөвлөгөөний дагуу зохион байгуулчихвал өнөөдрийн олон асуудал нэг нэгээсээ хамааралтайгаар нийт цогцоороо шийдэгдэж болохоор гэдгийг мэргэжилтнүүдийн тайлбараас төвөггүй ойлгоно. Тэгэхдээ тэрхүү Ерөнхий төлөвлөгөөг цаасан дээрээс босгож, газар дээр өрж тавих ажил санаснаар болоогүй гэдгийг бүгд мэднэ. Үр дагаварт нь өнөөгийн түм, буман асуудал түгжрэлд орсон замын хөдөлгөөн шиг гацаа үүсгэчихэж.
Уг нь нийслэл хот болгон өөрийн хуультай. Улаанбаатар хот ч хуультай. Тэрхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш 22 жил өнгөрч байгаа ба энэ хугацаанд хотын нийгэм, эдийн засгийн харилцаа эрчимтэй хувьсч, хууль маань зохицуулалтын үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахаа больжээ. Тэгэхээр хөгжлийн шинэ орчиндоо тохирсон, холыг харсан хууль эрх зүйн зохицуулалтыг юун түрүүнд бий болгохгүйгээр хотын асуудлуудыг шийдэх гэдэг уураггүйгээр загас барихтай адил болжээ.
“Загас барьж өгөхийн оронд загас барих аргыг зааж өг” гэдэг хэлц бий. Засаг дарга С.Батболд хотын ажлыг хүлээж авснаасаа хойш “загас барих” тухай ярихаасаа өмнө “загасны уурга”-тай болох арга хэмжээ авчээ. Тэрбээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг боловсруулснаа өчигдөр Засгийн газарт өргөн барьсан байна.
Улаанбаатар хотыг Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх, хотын даргаар аль намын хэн томилогдохоос үл хамаараад тэрхүү төлөвлөгөөнд нийцсэн бодлогыг хэрэгжүүлэх, үүний тулд гартаа эрх мэдэлтэй буюу эрх зүйн талаас илүү чадамжтай байх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Загасчнаар зүйрлүүлбэл гартаа уургатай болох ёстой гэсэн үг. Харин уургатай болсны дараа загас барих арга техник эзэмших хэрэгтэй бөгөөд энэ нь бүтээн байгуулалтыг хийх эдийн засгийн чадавхтай байх ёстой гэсэнтэй утга ижил. Өнөөдөр нийслэлд эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал хоёр их наяд төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийн нөөц бий гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Харин тэдгээрийг жинхэнэ үнэ цэнэтэй капитал болгон хувиргах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх мэдэл, эрх зүйн зохицуулалтыг шинэ хуулиар бүрдүүлэх юм байна. Нэг үгээр бол эрх зүйн орчин нь боловсронгуй, эдийн засгийн чадавх нь муугүй нийслэл хоттой болно гэсэн үг юм. Нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотыг хөгжүүлэх концепциэ хэрхэн харж буйг шинээр боловсруулсан хуулийн төслийн үзэл санаа хаашаа чиглэж байгаагаас харж болохоор бололтой.
Хүний төрөлх араншин нь хэзээ ямагт тав тух, тансаг зүйл рүү тэмүүлдэг гэдэг. Хэчнээн олон асуудалтай байлаа ч хот руу хүмүүс татагдсаар байх болно. Тэнд хөгжлийг, тав тухыг бүрдүүлье гэвэл хүссэн хүсээгүй өндөр стандартыг тавих ёстой болно. Эмх цэгцтэй, стандарттай, эдийн засгийн чадавхтай илүү luxury хотыг бий болгох эхний алхам нь эрх зүйн шинэ зохицуулалт гэж Засаг дарга С.Батболд үзжээ.
Жич: Улаанбаатар хот 9 дүүрэг, 152 хороотой бөгөөд хүн ам 1.3 сая. Хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456. Жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 байна. Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцэж байна.
Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 300 мянга орчим иргэн оршин сууж байгаа нь даруй хоёроос гурван аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний юм. Гэхдээ өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дүүрэг нь сумтай ижил статустай юм. Шинэчилсэн хуулийн төслөөр бол Дүүргийг эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд аймагтай, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэхээр тусгажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН