“Оюутны эрх ашгийг л нэгдүгээрт тавьсан”

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

“Оюутны эрх ашгийг л нэгдүгээрт тавьсан”

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ олон тэрбум төгрөгийн зөрчил гаргасныг Үндэсний аудитын газар тогтоосон тухай мэдээлэл гарсан. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.


-МУИС-ийн захирлаар ажиллах хугацаандаа олон тэрбум төгрөгийн зөрчил гаргасан гэсэн. Энэ талаар өөрөөс нь тайлбар авмаар байна?

-Чухам юу болсныг дэлгэлгэрэнгүй тайлбарлая. Үндэсний аудитын газраас 2015 оны 11 дүгээр сараас төрийн өмчийн их сургуулиудад гүйцэтгэлийн шалгалт хийсэн юм. Гэтэл тавдугаар сарын дундуур манайд ирүүлсэн аудитын тайлангийн төсөлдөө тэмдэглэсэн зүйлс нь огт яригдаж байгаагүй, дүгнэлт нь нотолгоо баталгаагүй байсан тул бид ҮАГ-т албан ёсоор хандсан. Үндэсний аудитын газар биднийг тайлбараа бичгээр өгсөний дараа дахин хэлэлцэхээр тохиролцсоны дагуу бид 300-аад хуудас тайлбар, нотолгоо баримт бүрдүүлэн өгсөн юм. Тэгэд хариу хүлээж байтал гэнэтхэн намайг их хэмжээний мөнгөний зөрчилд холбогдуулсан тухай мэдээ хэвлэлийнхнээс сонсч, ҮАГ их сургуулиудад гүйцэтгэлийн аудит хийсэн тухай тайлангаа өөрийнхөө сайтад тавьсаныг олж мэдсэн. Гэхдээ тэр тайланд миний нэр дээр зөрчил бүртгэсэн гэсэн атлаа тэр нь юун зөрчил болохыг дурдаагүй байв. Үүний мөрөөр Үндэсний Аудитын газарт хүсэлт тавьсний дагуу тэднийх шинжээчийнхээ бичсэн албан шаардлагыг манайд ирүүлсэн. Ахлах шинжээч Б.Мөнхтуяа гарын үсэг зурж, 2016 оны долдугаар сарын 1-нээр өдөрлөсөн энэ албан шаардлагад МУИС нь 2011 оноос сургалтын төлбөрөө суурь үйлчилгээний төлбөр болон оюутны сонгосон хичээлийн кредит цагийн төлбөр гэж тогтоон мөрдөж ирсэнийг зөрчил хэмээн бүртгэсэн байна. Гэхдээ өнгөрсөн хичээлийн жилд суралцсан оюутнуудын суурь үйлчилгээний төлбөрийг 5,635.9 сая төгрөгөөр тооцон, зөрчлөөр бүртгэн аудитын тайландаа тусгасан байна лээ.

-МУИС-ийн суурь төлбөрийг зөв буруу гэсэн маргаан олонтаа гардаг. Та үүнийг зөрчил биш үзэж байгаа бололтой?

-Энэ тухай би хэвлэл мэдээллээр нэг бус удаа тайлбарлаж байсан. Би үүнийг зөрчил гэж үзэхгүй байгаа. Боловсролын тухай хуульд дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтийн нэг гол эх үүсвэр нь сургалтын төлбөр бөгөөд үүний хэмжээг Удирдах зөвлөл нь тогтоож байхаар хуульчлаад 21 жил өнгөрч байна. Сургалтыг төлбөртэй болгосон Засгийн газрын шийдвэр 1993 онд гарсанаас эхлэн тоолбол 23 жил болж байна гэсэн үг. Сургалтын төлбөрөөр ямар зардлыг санхүүжүүлэхээр бодож тооцох тухай аргачлалыг Гэгээрлийн сайд 1999 онд баталсан байдаг. Энэ аргачлалын дагуу сургалттай холбоотой бүх зардал, захиргаа аж ахуйн зардал, оюутны үйлчилгээний зардлыг бүхэлд нь, ашиглалтын зардал, сургууль хөгжүүлэх хөтөлбөрийн зардлын зарим хэсгийг сургалтын төлбөрөөс санхүүжүүлж байхаар заасан. Саяхан болтол сургуулиуд сургалтын төлбөрийн хэмжээг хичээлийн жилээр нэгэн хэмжээгээр тогтоож ирсэн нь кредит буюу багц цагийн системд бүрэн шилжээгүй, өөрөөр хэлбэл оюутан хэдийд хэдэн хичээл сонгох боломжийг нь олгоогүй, сургалтын төлөвлөгөөнд заасан хуваарийн дагуу оюутан бүр ижил хичээл үзэж ирсний үр дагава. Харин оюутан аль улиралд ямар хичээлийг сонгохоо өөрөө шийдэх боломжтой болсон үед дээр дурдсан Гэгээрлийн сайдын баталсан аргачлалаар төлбөрийн хэмжээг тооцох нь оновчтой болно.

-Энэ суурь төлбөрийн тухай шийдвэр хэзээ яаж гарсан ют бэ? Таныг эрх мэдлээ хэтрүүлээд байгаа юм биш биз гэсэн хардлага ч байгаа?

-Суурь зардлыг багц цагийн төлбөрт шингээж оруулбал нийтлэг авч буй үйлчилгээнийхээ төлөө олон хичээл сонгосон нь багц цагийнхаа тоогоор дахин төлж хохироход хүрнэ. Энэ утгаараа ийнхүү зардлын зориулалтыг тусгаж тооцсон аргачлал оюутны эрх ашигт илүү нийцтэй. Тэгээд ч сургалтын төлбөрийн хэмжээг хэлэлцэн баталж буй Удирдах зөвлөлд оюутны төлөөлөл бүрэн эрхтэй оролцдог юм шүү дээ. Удирдах зөвлөлөөрөө батлуулан мөрдөж байгаа журмыг хууль зөрчсөн гэж үзэх аргагүй. Харин ч манай бусад их, дээд сургууль оюутнууддаа сонголт хийх боломжийг нь бүрдүүлж, багц цагийн системд бүрэн шилжиж байгаа учир сургалтын төлбөрөө энэ аргачлалд үндэслэн тогтоодог журамд шилжих ёстой.

-МУИС-д Таныг ирсэнээс хойш санхүүгийн хариуцлагагүй байдал хэрээс хэтэрсэн гэж үзэж байгаа хүмүүс байна. Яагаад ийм яриа гарах болов?

-Ингэж хардаж байна гээд нотолгоогүй зүйл ярьж болохгүй. Харин ч бодитой баримт нотолгоотой ярих ёстой юм. Ялангуяа ийм хардлага их сургуулийн багш нарт байгаа бол түүнийгээ мэргэжлийн байгууллагад өгч шалгуулах хэрэгтэй байх. МУИС нь төрийн өмчийн байгууллага тул шилэн дансны тухай хуулийн дагуу санхүүгийн үйл ажиллагаа нь ил тунгалаг байдаг.

-МУИС-ийг судалгааны их сургууль болгоно гээд байгаа. Заавал ингэх шаардлагатай юу?

-Багш нар нь судалгаанд зориулах цаг, хөрөнгө нөөцийн баталгаатай, магистр, докторын оюутнууд нь судалгааны багт гүйцэтгэгчээр ажиллах боломжтой, шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг сорьж шалгах, эрэмбийг нь тогтоох ажлыг шинжлэх ухааны ёс зүйн хүрээнд тогтвортой эрхэлдэг байгууллага болно гэсэн үг. Магистр, докторын суралцагчдыг их сургууль дээр тогтоон ажиллуулдаг нөхцлийг бүрдүүлэхэд төрийн дэмжлэг, бодлого хэрэгтэй. Монгол Улсад их сургууль байх ёстой гэвэл тэр нь судалгааны тэргүүлэх байгууллага байхаас өөр аргагүй. Тийм болж чадахгүй бол их сургууль гэдэг нэр хэрэглэж болохгүй. Өнөөдөр бид судалгааны ажил эрчимтэй эрхэлдэг их сургууль болох зүгт алхаж байна. Сүүлийн цөөн жилд судалгааны томоохон лабораториудаа шинэчилж, заримыг шинээр байгуулж, багш нартаа судалгааны ажлыг нь дэмжсэн санхүүжилтийг нэмэгдүүлж байна.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж