Тайландын эзэн хаан таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

Тайландын эзэн хаан таалал төгсчээ

Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет 88 насандаа таалал төгслөө. Энэ долоо хоногийн эхээр эзэн хааны бие муудан эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээ тарсан юм.

Тайландын эзэн хаан бол дэлхийн хамгийн урт засаглаж буй эзэн хаан. Тэрбээр 18 насандаа хаан сэнтийд залагдаж, 70 жил улс орноо удирджээ.

Тайланд бол эзэн хааны ихээхэн шүтэн дээдэлдэг үндэстэн. Тайланд даяар гашуудаж байна. Тайландчууд эзэн хааныхаа зургийг барин гудамжинд бөөнөөрөө цуглан гашуудаж байна. Эзэн хааны амьсгал хураасан эмнэлгийн гадаа маш олон хүн цуглажээ.

Ерөнхий сайдын шийдвэрээр нэг жил Эзэн хааны араас гашуудах бөгөөд эзэн хааны амьсгал хураасан өдрөөс хойш 30 хоног ямар нэг олныг хамарсан баяр цэнгээн, том арга хэмжээ зохиохгүй юм.

Түүний орыг угсаа залгамжлах хан хүү Маха Вачиралонгкорн залгамжилна. Гэхдээ хан хүү улс орондоо эцэг шигээ нэр хүндтэй биш.

Эзэн хааны биеийн байдал муудсан мэдээ тус улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөөд эхэлсэн билээ. Нэг ам.доллар 35,71 бат болж өсч, санхүүгийн зах зээл 2,5 хувиар унажээ. Арилжааны явцад валют бараг 1,5 хувиар ханшаа алдан, индекс SET нь зургаан хувь хүртэл уналаа. Тус улсын томоохон гэгдэх Bangkok Bank Public Co. банкны хувьцаа 1,9 хувиар, Bangkok Airways компанийн хувьцаа 3,5 хувиар тус тус унасан байна.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж