“Монгол аялгуу ямар философилог болохыг ойлгуулсан”

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

“Монгол аялгуу ямар философилог болохыг ойлгуулсан”

Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхантай ярилцлаа. Тус чуулгын уран бүтээлчид энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд Макаод болсон “А” зэрэглэлийн фестивальд амжилттай оролцоод иржээ.


-Хятадын Макаод болсон “А” зэрэглэлийн фестивальд оролцсон гэж дуулсан. Хэзээ эх орондоо ирсэн бэ?

-Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ сарын 11-нд эх орондоо ирлээ. Энэ жил “А” зэрэглэлийн “Макао мюзик” фестивалийн 35 жилийн ой тохиож байгаа юм. Тус фестивальд ХБНГУ-ын Берлины филармони, ОХУ-ын Марийнскийн нэгдүгээр оркестр зэрэг 10 гаруй орны мэргэжлийн хөгжимчид уран бүтээлээ толилууллаа. Бид энэ сарын 8-нд Макаогийн Үндэсний музейд тоглолтоо сонирхуулаад ирлээ. Ер нь Макаогийн үндэсний онцлогийг харуулсан газруудад уг фестивалиа зохион байгуулдаг юм билээ. Тэр утгаараа байгальтайгаа холбон гайхамшигтай тайз гэрэл гээд л бүх зүйл нь гайхалтай байсан. Тус фестиваль маш өндөр шалгууртай, нарийн зохион байгуулалттай байсан. Мөн бидний тоглолтын бүх зардлыг цаанаас нь гаргасан.

Макаогийн үндэсний онцлогийг харуулсан газруудад уг фестивалиа зохион байгуулдаг гэлээ.  Макаогийн Үндэсний музейгээс өөр газар тоглолт хийсэн үү?

-Ер нь одоо хөгжмийн чиг хандлага зөвхөн тайзнаас академик гэхээсээ илүү байгальтайгаа ойр тоглодог болжээ. Энэ фестивальд хөгжмийн алдартай том, том бүтээлүүд тоглогдсон. Гэхдээ эдгээр бүтээлийг сонсох орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Бид Макаогийн Үндэсний музейн дэргэдэх уулын орой дээр тоглолтоо хийсэн. Уг фестивалиар дамжуулан Макаогийн үндэсний онцлогийг дэлхийд таниулах зорилготой.

-Манай орон ч гэсэн үндэсний онцлогоо дэлхийд таниулах фестиваль зохион байгуулах боломж байна уу?

 -Ийм боломж бий. Гэхдээ эдийн засгийн асуудал чухал байна. Манайх урлагийн нарийн нандин зүйлээ харуулах тал дээр ажиллахгүй байна. Уг нь уран бүтээлчдээ дэмжээд өгвөл сайн байна. Хамгийн өндөр мэдрэмжтэй, нарийн мэдрэмжтэй, ярьдаг биш бишрүүлдэг хөгжимчид үргэлж л ард нуугдаж байдаг шүү дээ.

-Монголын үндэсний Морин хуурын чуулга уг фестивальд анх удаа оролцсон. Макаод монголчуудын хэрхэн хүлээн авсан бэ?

-Үзэгчид бидний тоглолтыг үзсэний дараагаар “Монголчуудын талаарх бидний төсөөллийг эвдэж, шинэ ойлголтыг төрүүллээ” хэмээн хэлж байсан. Тэнд монголчуудыг морь унасан ард түмэн гэсэн ойлголттой байдаг юм байна. Тэгээд бидний тоглолтыг үзсэний дараагаар хөгжмийн урлагийн хөгжил нь сонгодог болтлоо хөгжсөн гэдгийг онцолж байсан юм. Тэгээд бид дараа жилээс Хонгконг, Макаогаар аялан тоглох урилга хүлээн авсан. Мөн Хонгконгийн хоёр том театр бүх зардлаа гаргаад, тоглолт хийх санал тавьсан. Тэгэхээр Монголын хөгжмийг гадагш нь сонсгож байвал зүгээр юм уу гэсэн бодол төрж байлаа. Нөгөө л нэг нүүдэлчин ард түмэн, Чингис хаан гэдгээс илүү ойлголтыг хүргэх хэрэгтэй байна. Монголын хөгжимчид өрнө, дорнын хосолмол  ур чадвартай учраас хөрвөх чадвар сайтай, боловсрол өндөр хүмүүс шүү дээ.

Үзэгчид бидний тоглолтыг үзсэний дараагаар “Монголчуудын талаарх бидний төсөөллийг эвдэж, шинэ ойлголтыг төрүүллээ” хэмээн хэлж байсан. Тэнд монголчуудыг морь унасан ард түмэн гэсэн ойлголттой байдаг юм байна. Тэгээд бидний тоглолтыг үзсэний дараагаар хөгжмийн урлагийн хөгжил нь сонгодог болтлоо хөгжсөн гэдгийг онцолж байсан юм

-Морин хуурын чуулга маань дэлхийн 10 гаруй орны шилдэг хөгжимчдөөс юугаараа ялгарч байв?

-Ерөөсөө монгол үндэсний хөгжимд нэг л онцлог бий. Морин хуур маань тембер дуугаралтын хувьд хүний сэтгэлд ойр байдаг. Тэрхүү зөөлөн тембер, эгшиглэж буй нюанс нь хүний сэтгэлд гүн хүрдэг хөгжим. Нөгөө талаасаа өндөр боловсролтой хөгжимчдийн ур чадварыг харуулах бүтээлүүд. Монгол хөгжмийн хамгийн гайхамшигтай зүйл нь аялгуу. Уг фестивалийн үеэр үзэгчдийн суудлын өмнө ногоон зүлгэн дээр дэвсгэр дэвссэн байх юм. Тэр орчинд нүдээ аниад, сонсох орчинг бүрдүүлсэн байсан. Манай тоглолт хоёр цагийн турш үргэлжилсэн бөгөөд энэ үеэр үзэгчдэд монгол уран бүтээл ямар философилог болохыг ойлгуулсан.

-Энэ фестиваль нь сарын турш үргэлжилдэг гэсэн үү. Морин хуурын чуулга хэд дэх тоглолтод оролцсон юм бэ?

-Энэ фестивалийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд сарын турш болдог. Энэ фестивалийг хөгжимчдийн том цугларалт гэж хэлж болно. Нийт 10 орны хөгжимчид дөрөв хоногт нэг тоглолт хийгээд буцдаг. Тэгэхээр энэ сарын 1-нээс эхэлсэн энэ фестивалийг аравдугаар сарын 31-нд ОХУ-ын Марийнскийн нэгдүгээр оркестрийн тоглолтоор  хаана. Манай орны Морин хуурын чуулга гурав дахь группын тоглолтод оролцсон. Одоо ч энэ фестиваль нь үргэлжилж байгаа.

Ерөөсөө монгол үндэсний хөгжимд нэг л онцлог бий. Морин хуур маань тембер дуугаралтын хувьд хүний сэтгэлд ойр байдаг. Тэрхүү зөөлөн тембер, эгшиглэж буй нюанс нь хүний сэтгэлд гүн хүрдэг хөгжим.

-Морин хуурын чуулгын уран бүтээлийн ойрын төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Одоо манай уран бүтээлчид энэ сарын 26-нд “Japan tour-2016” хэмээх Японы 12 хотоор аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. Урьд нь манайх Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдсан “Эсрэг дурлал” хэмээх драмын жүжгийн хөгжмийг тоглосон. Энэ жүжгийн хөгжмийг анх Морин хуурын чуулгаар тоглуулах хүсэлтийг Японы талаас тавьсан юм билээ. Тиймээс Японд манай Морин хуурын чуулга бол өөрийн гэсэн байр суурьтай болсон гэж ойлгож болно. Энэ удаа Япон улсын хотын дарга нарын зөвлөлөөс тоглолт  хийх саналын дагуу тоглолт хийх гэж байна. Өнгөрсөн хавар бид Бээжинд тоглолт хийсэн. Бид Азийн урлагийг дэлхийд таниулах зорилго баримталж байгаа. Мөн ирэх жил манай Морин хуурын чуулгын 25 жилийн ой тохионо. Тиймээс энэ сарын 16-нд багшийнхаа төрсөн нутаг болох Дорноговь аймгийн Мандах суманд очиж, тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Манай багш Б.Батчулуун маань наран ургах зүгийн энэ нутгийн хүн байсан. Тиймээс төрсөн нутагт нь хуурыг нь эгшиглүүлэх бодолтой байна. Мөн өмнөх жилийн бүтээлүүдийнхээ “Best” тоглолтыг хийнэ. Үүнд үндэсний сонгодог, дэлхийн сонгодог, хуучны алдартай бүтээлүүд, киноны хөгжим зэрэг хамгийн шилдэг бүтээлүүдээ толилуулах юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж