Утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнээр америкийн дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч Боб Дилан гэж хэн бэ?
Энэ жилийн шагналын эзнээр тодорно гэж олон хүнийг таамаглаж байсан. Харин энэ шагнал Боб Диланд очно гэж хэн ч төсөөлөөгүй. Кенийн Нгуги Ва Тхионго, Японы Харүки Мүраками, Сирийн яруу найрагч Адонис нарын нэр сонсогдож байсан.
Нобелийн шагналын Шведийн академи ер бусаар сэтгэж, тэдний сэтгэлгээ ямар ч таамаглалд захирагдахгүйг харууллаа. Уран зохиолын салбар гээд зохиолчид шагнал өгсөн бол консерватив харагдаад л өнгөрөх байсан байх. Хөгжимчинд шагнал өгч байгаа нь хөгжим бол дэлхийн соёлын нэг гэдгийг гэрчилсэн сайхан үйл явдал болж байна.
Дилан 1941 онд төржээ. Жинхэнэ нэр нь Роберт Аллен Циммерман, энэ жилийн тавдугаар сард 75 насны ойгоо тэмдэглэсэн. Тэрбээр 20 насандаа "Bob Dylan» нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш нэр алдар нь хурдан түгжээ. Мөн иргэний эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний шүтээн болж чаджээ. Фолк-рок, кантри-рок гээд олон урсгалыг оролдож, зарим үед энэ туршилт нь шүтэн бишрэгчдийнх дургүйг хүргэж байжээ. Энэ бүх туршилтын эцэст Дилан рок хөгжмийн сонгодог болж алдар нэр нь өнөөдөр хэвээрээ. Гэхдээ тэр дууны үг зохиогчоос илүүтэй хөгжимчин гэдгээрээ илүү алдартай.
Түүний урын санд студийн бичлэгийн 35, концертын бичлэгийн 13 цомог, есөн “Грэмми” шагнал бий. Түүний дуунууд нь дайны эсрэг хөдөлгөөний сүлд дуу болсон юм. Хөгжимчин өнөөдөр ч аялан тоглолтоо зогсоогоогүй, жилдээ 200 удаа тоглож байна. 30-аад жил тасралтгүй хөдөлмөрлөсөэ Дилан “Рок-н-роллын алдрын танхим”-д (1988 он) нэрээ бичүүлсэн анхдагчдын нэг юм. Тэнд 1960-аад онд зохион дуулсан “Blowin' in the Wind”, “Like a Rolling Stone” зэрэг дуу нь тавигдсан байгаа.
“Хэрэв та нар 5000 жилийн өмнөх үеийг харах юм бол тэнд Гомер, Сафо хоёртой тааралдана. Тэд яг л Боб Дилан шиг яруу найргийг дуунд зориулан бичдэг байжээ” хэмээн Шведийн академийн нарийн бичгийн дарга Сара Даниус Нобелийн шинэ эзнийг зарлах үеэр хэллээ.
Энэ жилийн хүндэт шагналын төлөө Боб Дилан хэнтэй өрсөлдсөнийг Нобелийн хороо архиваа 50 жилийн дараа нээхэд л мэдэх боломжтой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР