“Galaxy Note 7” дуулиан: “Samsung”-ийн ирээдүйг бүдэгрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

“Galaxy Note 7” дуулиан: “Samsung”-ийн ирээдүйг бүдэгрүүллээ

Гар утас хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй Өмнөд Солонгосын “Samsung” компани өнгөрсөн наймдугаар сарын 2-нд “Galaxy Note7” загварын смартфоныг нийтэд танилцуулсан юм. Гэвч “Galaxy Note7” хэрэглэгчдийн гарч хүрч эхэлснээс сарын дараа зах зээлээс эргүүлэн татахад хүрсэн. Учир нь, “Galaxy Note7” смартфоны зай хэт халж, дэлбэрснээс хэд хэдэн хүн гэмтэж, эд хөрөнгө сүйдсэн ноцтой асуудал үүсээд байгаа. АНУ-д л гэхэд смартфон хэт халж шатсан тохиолдол 100 орчим бүртгэгдсэнээр хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах хорооноос “Galaxy Note7” загварыг  эргүүлэн татахыг “Samsung” компанид даалгажээ. Ийнхүү “Samsung” компани АНУ-ын зах зээлээс гар утсаа эргүүлэн татаж, бусад оронд асуудалтай смартфоныг шинэ утсаар солих ажиллагаа явуулсан юм.

Гэтэл аравдугаар сарын 5-ны өдөр “Southwest Airlines” компанийн нислэгийн үеэр шинээр сольсон засварласан смартфоноос утаа гарснаас Луйсвилл олон улсын нисэх буудалд зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар “Galaxy Note7” тус загварыг олон улсаас эргүүлэн татаж, нөхөн төлбөр олгож эхлээд байна. Мөн Европ, Ази руу нийлүүлэхээр зэхэж байсан захиалгаа цуцалж, аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дэлхий дахинаас “Galaxy Note7” смартфоныг албан ёсоор эргүүлэн татах болсноо зарлажээ. Хэрэглэгчид “Galaxy Note 7” смартфоныг энэ оныг дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд буцаан солиулах, нөхөн төлбөр авах боломжтой аж. “Samsung” компанийн тооцоогоор нийтдээ 2.5 сая смартфоныг эргүүлэн татах ажээ.

Хэдийгээр нислэгийн үеэр зорчигчид гар утсаа унтраах эсвэл “airplane mode” төлөвт тохируулахыг зөвлөдөг боловч “Galaxy Note7” смартфоныг нисэх онгоцонд авч орохыг АНУ-д хоригложээ. Тухайлбал, өнгөрсөн сард Энэтхэгийн агаарын тээврийн “IndiGo” компанийн онгоцны нислэгийн үеэр “Samsung” компанийн “Note 2” гар утаснаас утаа гарч, шатсан тохиолдол гарсан юм. Энэ нь зөвхөн “Galaxy Note7” биш өмнөх загваруудад ч ижил асуудал байгааг гэрчилжээ.

ХЭТ ТӨГС “GALAXY NOTE 7”

“Samsung” компани “Galaxy Note” цувралын 6-г алгасч “Galaxy Note 7” гэж нэрлэсэн нь “Galaxy S7” бүтээгдэхүүнийхээ дугаарлалттай ижилсүүлсэн аж. “Galaxy Note 7” смартфон 770-800 орчим ам.доллараар худалдаанд гарчээ. Гаднаас нь харвал “Galaxy S7 Edge” утастай ялгагдахгүй боловч  илүү багтаамжтай дотоод санах ой (32GB ба 64GB), “Galaxy Note 5”-аас илүү багтаамжтай зайтай (3,000 mAh vs. 3,500 mAh) үйлдвэрлэгджээ. Өмнөх загвараасаа ялгарах онцлог нь усны хамгаалалт, багтаамжийг нэмэгдүүлэх “microSD” картны оролттой. Анх удаагаа “Galaxy Note” загварын бүтээгдэхүүн нь 5.7 инчийн дэлгэц нь хоёр тал руугаа нугарсан ирмэгтэй хийгдсэн байна. Үүнээс гадна “USB Type-C” стандартын цэнэглэх порттой болсон нь “Samsung” компанийн анхны ийм технологитой загвар болжээ. Цоо шинэ дэвшил гэвэл нүдний солонгон бүрхэвч уншигч сканнер. Энэ нь утсаа нээхдээ хурууны хээгээ уншуулдаг байсан бол давхар нүднийхээ солонгон бүрхэвчийг таниулах боломжтой болжээ. “Galaxy Note” бүтээгдэхүүний нэг гол онцлог бол “S Pen” буюу заагч үзэг байдаг. Тэгвэл  үзэг нь хүртэл усны хамгаалалттай болж, даралтын мэдрэмж нь өмнөхөөсөө хоёр дахин нэмэгджээ.

ӨРСӨЛДӨӨНД ТОМ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭВ

Дэлхийн гар утас, ухаалаг таблет үйлдвэрлэлийн зах зээлд “Samsung” компани АНУ-ын “Apple” компанитай эн тэнцүү хүч үздэг гол өрсөлдөгч юм. “Samsung” компани “Galaxy S7” болон нумарсан дэлгэцтэй “S7 edge” гар утсыг гаргаснаар ашиг орлогоороо “Apple”-ыг давж гараад байсан ч “Galaxy Note 7”-ын бүтэлгүйтэл том цохилт боллоо. “Samsung Electronics”-ийн үйл ажиллагааны ашиг есдүгээр сараар эцэслэсэн III улиралд 7.8 их наяд вон болж өнгөрсөн оны мөн үеэс таван хувиар өссөн ч “Galaxy S7”-ийг худалдаанд гаргаад байсан II улирлаас 340 тэрбум воноор буурсан үзүүлэлт болжээ. Энэ хугацаанд борлуулалт нь 49 их наяд вон болсон гэж “Samsung Electronics” тайлагнасан байна. Энэ нь 2015 оны II улирлаас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо. Өрсөлдөөнд санхүүгийн үзүүлэлт чухал боловч тэрнээс илүү хэрэглэгчдийн итгэл, хүсэл сонирхол юм. “Samsung” компани бүх “Galaxy Note 7”-г эргүүлэн татаж, засварласны дараа дахин зах зээлд нийлүүлэхэд хэрэглэгчид хэрхэн хүлээж авах бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж