Монгол дараагийн Грек болох уу?! Монголын эдийн засгийн гол гол үзүүлэлтийг харахад ийм болгоомжлол эрхгүй төрж байгаа юм.
Монголын эдийн засаг сүйрлийн ирмэгт ирснийг Үндэсний статистикийн газраас өнгөрөгч Мягмар гаригт /2016.10.11/ зарласан ээлжит мэдээллээс харж болно. Сүүлийн хоёр сарын байдлаар инфляци хасах утгатай гарсан нь эдийн засаг байж болох хамгийн доод хэмжээндээ хүрсэнийг илтгэж байна. Инфляци ийнхүү хасах утгатай гарсаныг Монголд өнөөдөр худалдан авалт бараг байхгүй байна гэж тайлбарлаж болох юм.
Ийнхүү 17 хувийн өсөлтөөрөө гайхуулж явсан Монголын эдийн засаг тавхан жилийн дотор дифляци нүүрлэснээ зарлалаа. Эндээс гарах ганц арга бол эрэлтийг нэмэгдүүлэх. Эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монголд мөнгө хэрэгтэй. Тэр их мөнгийг хаанаас, яаж олох вэ?
Өнгөрсөн наймдугаар сард зарлан хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэхдээ шинэ парламент Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, өрийн таазыг 55-аас 88 хувьд хүргэсэн билээ. Энэ нь шинэ эрхбаригч МАН ахиад л өр тавина гэсэн үг юм.
Магад ийм шалтгаанаар Худалдаа хөгжлийн банкныхан Засгийн газрын баталгаатай бонд гаргахаар АНУ-ыг зорьсон гэдэг шинэ мэдээлэл ч сонсогдож байна. Учир нь, шинэ Засгийн газарт өнөөдөр хоёрхон сонголт үлдсэн. Нэг нь “Стэнд бай”-г авч, эдийн засгаа улам хумих. Нөгөө нь хөрш орнуудын Засгийн газраас их хэмжээний зээл авах. Эдийн засаг нь санкцтай байгаа оросуудаас горьдох боломжгүй. Ийм болохоор Ерөнхий сайдын Хятадын Засгийн газраас зээлэх 3-4 тэрбум ам.долларыг яриаг баталгаажуулахаар УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр /2016.10.13/ орой өмнөд хөршийг зорилоо.
Бодлогын хүү 15 хувьтай, инфляци нь хасах 0.6, эдийн засгийн өсөлт нь 0.3, төсвийн алдагдал нь ирэх гурван жил ДНБ-ий 5.5-9.9 хувь байхаар ойрын төлөв гарсанаас үзвэл дифляцийг улам хөөрөгдөхөөр байна. Ойрын жилүүдэд хэдэн компани хаалгаа барьж, хичнээн хүн ажилгүйчүүдийн эгнээд шилжихийг одоогоор яг таг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан гаднаас их хэмжээний мөнгө олж байж, таг зогссон мөнгөний эргэлтээ сайжруулахаас өөр гарц МАН-ынханд олдохгүй байгаа юм.
Ажилгүйдлийн төвшин 11-12 хувьд хүрсэн нь эдийн засаг хүрэх ёстой ёроолдоо хүрсний нэг үзүүлэлт нь. Монголбанк ирэх оны мөнгөний бодлогодоо инфляцийг долоон хувьд барихаар суулгасан ч инфляциас илүү дифляци гэх хамгийн том аюул эдийн засагт хэдийнэ тухлаад авчээ. Ийм тохиолдолд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлбэл, хувь, хувьсгалгүй сүйрэх эрсдэл нүүрлэж байгаа билээ.
Магад ийм шалтгаанаар Худалдаа хөгжлийн банкныхан Засгийн газрын баталгаатай бонд гаргахаар АНУ-ыг зорьсон гэдэг шинэ мэдээлэл ч сонсогдож байна. Учир нь, шинэ Засгийн газарт өнөөдөр хоёрхон сонголт үлдсэн. Нэг нь “Стэнд бай”-г авч, эдийн засгаа улам хумих. Нөгөө нь хөрш орнуудын Засгийн газраас их хэмжээний зээл авах. Эдийн засаг нь санкцтай байгаа оросуудаас горьдох боломжгүй. Ийм болохоор Ерөнхий сайдын Хятадын Засгийн газраас зээлэх 3-4 тэрбум ам.долларыг яриаг баталгаажуулахаар УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр /2016.10.13/ орой өмнөд хөршийг зорилоо.
Энэ сарын эхээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар АНУ-ын Вашингтон хотноо ОУВС-гийнхантай хэлэлцээ хийхээр явсан ч, сайн мэдээтэй ирээгүй. ОУВС-гийнхан аравдугаар сарын сүүлээр Улаанбаатарт ирж, "Стэнд бай"-д хамруулах эсэхийг хэлэлцэх юм. Гэхдээ бидэнд зээл өглөө гэхэд 250 сая ам.доллараас хэтрэхгүй. Дээр нь манай эрх баригчид маш хатуу шаардлага тавина. Ялангуяа санхүүгийн сахилга батгүй, үрэлгэн монголчуудад төсвөө хумихын нэн түрүүнд шаардана. Эрх мэдэлтнүүдэд мөнгө идэх боломж олгохгүй. Иймээс “Стэнд бай”-д хамрагдах хүсэл эрх мэдэлтнүүдэд байна уу гэдэг бас сонин. Юутай ч Засгийн газар өрийн хэмжээгээ нэмэхээр зээл хөөцөлдөж эхэллээ.
Монголын гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.доллар, үүний 8.5 тэрбум нь Засгийн газрын өр. Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг өрийг Монгол Улс ирэх оны гуравдугаар сараас барагдуулах ёстой. Тэрчлэн 2012 оноос Монгол Улс жил бүр Чингис бондын хүүнд 72 сая ам.долларыг төлнө. Мөн 2018 онд 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг, 2022 онд нэг тэрбум ам.долларын үндсэн зээлээ төлнө. Энэ их мөнгийг олохын тулд МАН-ынхан өмнөх ярьсан, хэлснээсээ ч буцахаас өөр аргагүй. “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэгчээр “Өр тавихгүй” гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө болж нэг хэсэгтээ л “шок”-той явлаа шүү дээ.
Тэгэхээр ерөнхийдөө бол Монгол Улс өмнөх өрөө төлөхийн тулд “Хойд хормойгоо авч урд хормойгоо” нөхөөд явах нь тодорхой болжээ. Гэхдээ өрийн таазыг байж болох хэмжээнд нь нэмсэн Монгол Улс төсвийн бодлогоо эрүүлжүүлэхээс өөр аргагүй. Хэрэв энэ чигээрээ ирэх дөрвөн жилд ДНБ-ий 5.5-9.9 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай төсөв батлаад, өр, алдагдал хоёроо нөхөхийн тулд зээл аваад байвал улсаараа живж магадгүй эрсдэл эдийн засагт дохиолж байна.