Нэргүйг хэн хүлээж байв? (Цуврал 61)

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Нэргүйг хэн хүлээж байв? (Цуврал 61)

Улаанбаатарын нэгэн зочид буудлын өрөөнд Англиас ирсэн геологичийг хэрцгийгээр хороожээ. Учиг гогцоо нь үл тайлагдах учир битүүлэг хэргийн араас хөөцөлдсөн цагдаагийнхны эрэл мухардлаа. Гэтэл говийн нэгэн жуулчны баазад дахин хоёр хүн алагдав. Нэг нь Америкаас ирсэн жуулчин. Нөгөө нь баазын менежер. Хохирогч үнэхээр жуулчин байсан уу? Аллагууд хоорондоо холбоотой юу? Аймшигт цуврал аллагын захиалагч хэн байв? Алтны нинжа энэ хэрэгтэй ямар холбоотой вэ? Мөрдөн байцаагч Нэргүй энэ хэргийн халуун мөрөөр мөшгинө. Английн Засгийн газраас энэ хэрэг дээр ажиллуулахаар томилсон туршлагатай мөрдөгч Дрю Улаанбаатарт хэдхэн хоноод алуурчинд барьцаалагдсан нь байдлыг улам ч ээдрээтэй болгож орхино. Английн детектив зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” нэртэй романы үйл явдал ийнхүү онц сонирхолтойгоор өрнөнө. Уг романыг бид орчуулан цувралаар хүргэж байна. Ээдрээт хэргийн араас хамтдаа мөрдөцгөөе.

Нэргүй Базарын юу яриад байгааг ойлгохгүй байлаа. Гэхдээ Маклишийн амь нас тийм ч найдвартай биш юм шиг түүнд санагдлаа. Базар Нэргүй рүү ширтэнэ. Нүднийх нь харц одоо түрүүчийнх шиг хоосон биш. “Энэ бүхэн түүний л хийсэн ажил. Тэр намайг энэ бүхнийг хийхийг даалгасан. Надад өөрөө тусалсан. Тэр байгаагүй байсан бол би энэ бүгдийг хийхгүй байсан. Ийм байдлаар, ийм олныг”

“Хэн чамайг үүнийг хий гэсэн юм?”

“Тэр л намайг ятгасан. Үүнээс өөр гарц байхгүй гэсэн. Бас буцах замгүй гэсэн”

“Чи хэний тухай яриад байгаа юм бэ?”

“Тэр. Тэр надад даалгасан” гэсээр Базар толгойгоо сэгсрэв. Нүд нь одоо урьдын адил гөлийсөн харцтай.

“Тэр тэгээд хаана байгаа юм? Маклиштай хамт байгаа юм уу?” Нэргүй Базарыг галзуурчихсан амьтан гэж бодохгүй байлаа. Нээрээ гуравдагч этгээд байгаа юм болов уу? Эсвэл Базарын солиоролд байгаа хий хүн үү? Хэрэв тийм бол Маклиш амьд мэнд гэдэгт баталгаа алга даа.

“Тэр л намайг тань руу утсаар ярь гэсэн. Энд авчир гэсэн”

Нэргүйн нуруугаар хүйт даав. “Хэн чамайг над руу залгуулсан гэж? Тэр хүн чинь намайг энд авчир гэсэн юм биз дээ?”

Базар толгойгоо сэгсэрлээ. “Энд ч аваад ир гэж хэлээгүй л дээ. Таныг өөртэй нь уулзуул л гэсэн. Бидний яг одоо хаана байгааг тэр мэдэхгүй”

“Тэгээд тэр хаана байгаа юм?”

“Ойрхон. Би таныг түүн дээр дагуулаад ирнэ гээд хэлчихсэн. Гэхдээ танд үнэнийг хэлэхийг хүсэж байна. Энэ бүхэн түүний ажил шүү. Тэр байсан юм”

“Ямар ажил?”

“Бүх зүйл. Бүгдийг түүний далгавраар хийсэн. Бүгдийг. Хариуцлагыг нь тэр хүлээх учиртай”

“Тэр гэдэг чинь хэн юм бэ?”

“Тэр ойрхон байгаа” гээд Базар цагаа харлаа. “Цаг алга. Түүн рүү хурдан очих хэрэгтэй. Тэгэхгүй бол…”

“Тэгэхгүй бол яана гэж?”

“Явцгаая”

“Маклиш дээр намайг аваач” гээд Нэргүй халааснаасаа буугаа гаргаснаа “Бушуухан шиг” гэлээ.

Базар түүний буу руу ширтэж байгаа ч буу байгааг олж мэдэрч байгаа шинж алга. “Таныг тийш нь хурдхан аваачих хэрэгтэй” Тэр ингэж хэлээд цааш эргэн үйлдвэрийн арын хаалга руу аажуухан алхлаа. Хоёр томоо хаалга харагдана. Баруун хаалганд өдөр тутам орж гарахад ашигладаг явган хаалга байна. Базар түүний өмнө ирлээ. Нэргүй араас нь дагана. Тэд гэрэлгүй нарийн хонгилоор алхав. Тэгж явсаар өөр нэг үйлдвэр өмнө нь харагдлаа. Базар “Би таныг тийшээ аваачих хэрэгтэй” хэмээн амандаа үглэн удаанаар алхална. Тэгээд томоо хашаанд ирлээ. Үйлдвэр, агуулахын байшин байна. Хашаан дотор битүү цас. Цас орсон цагаас хойш үүгээр хүн явсан шинжгүй. Тэнгэр цэлмэг, түг түмэн од анивчин гялалзана. Цасан дээгүүр шинэхэн мөр гарган Базар хашаан дотуур алхав. Хаашаа, юу руу явж байгаагаа Нэргүй огт гадарлахгүй байлаа. Базар нэг л зүгээргүй байх шиг. Тэр алхаж явснаа гэнэт зүүн тийш эргэн “Ийшээ” гээд ойролцоох нэгэн байшин руу заалаа. Нэргүй түүнээс холгүйхэн дагана.

“Энд байгаа” гэж Базар хэлэв.

“Чи түрүүлээд яв” хэмээн Нэргүй түүнийг буугаараа зангав.

Базар толгой дохиод хаалгыг онгойлгон дотогш орлоо. Нэргүй ямар нэг занга байхвий хэмээн болгоомжилж эргэн тойрноо сайтар ажиж явлаа. Бүдэг гэрэлтэй хонгилоор явсаар зэрэгцээ хоёр хаалган дээр ирэв. Хоёулаа хаалттай, гэхдээ цаана нь гэрэлтэй харагдана.

“Тэр дотор байгаа” гэж Базар өгүүлэв.

“Маклиш уу?”

“Маклиш тэнд байгаа. Бас тэр ч байгаа. Бид хожимдоогүй байх аа”

“Би ч бас найдаж байна. Чи түрүүлээд яв”

Нэргүйг юу хүлээж байгааг бүү мэд. Маклишийн амьгүй цогцос энэ хаалганы цаана хэвтэж байхвий дээ гэхээс л хамгийн ихээр айна. Өөр юу хүлээж байгааг чөтгөр бүү мэд. Базар хаалгыг онгойлголоо. Хурц гэрэлд ороод явчихлаа. Нэргүй хэсэг зогсон бас нэг шинэ гялбаанд нүдээ дасгахыг хичээв. Түрүүчийнх шиг сандрахгүй хэмээн тэр бодлоо. Базар хаалга онгойлгон барьсаар, соёлч боловсон занг егөөдөх мэт зогсоно. Нэргүй буугаа урдаа барьсаар алгуурхан алхан дотогш орлоо. Бас дахиад л нэг том өрөө. Агуулах байсан бололтой. Ханаар нь дүүрэн төмөр тавиурнууд. Өрөөн дундуур алхаж байхдаа энэ эзгүй үйлдвэрийн байшингууд яаж одоо хүртэл гэрэл, цахилгаантай байдгийг гайхав. Базар түүний урд явж байснаа хэдэн хором зогслоо.

Өрөө хоосон байсангүй ээ. Базарын хэлснээр Дрю тэнд байлаа. Нэргүйн айж байсанчлан цогцос болчихоогүй, амьд мэнд. Гэхдээ үхэл түүнээс тийм ч хол байгаагүй байртай харагдана. Шалан дээр элгээ тэврээд суучихсан, ядарч, туйлдсан царайтай, нүднийх нь харц түгшүүртэй. Элчин сайдын яаман дээр оройн хоол идэх үедээ өмссөн байсан хувцастайгаа. Нэг гар нь гавтай. Түүний хажууд нэг нөхөр зогсоно. Хар өнгийн хувцастай тэр хүн зөвхөн нүд нь харагдах хар өнгийн баг өмсчээ. Тэр гартаа буу бариад Дрю рүү онилжээ. Тэднийг орж ирэхэд тэр хүн эргэн харлаа. Багны цаана инээмсэглэж байгааг нь Нэргүй мэдэрч байв. “Сайн байна уу? Цагаа олж ирлээ. Таныг ирэхгүй нь гэж бодож байлаа шүү” гээд буугаа өөрийнхөө нүүрний өмнө авчраад “Одоохондоо үүний хэрэггүй боллоо” гэв. Тэгснээ Дрю рүү буугаа ахин чиглүүлээд “Таныг ирсэнд баяртай байна. Ярилцах зүйл тун их байгаа шүү” хэмээн өгүүлэв.

Хорин дөрөв

Нэргүй буугаа доош нь буулгалаа. Гэхдээ гартаа атгасан хэвээр. “Ийм зүйл болно гэдгийг би урьдчилан таамаглах ёстой байжээ”

“Чи их ухаантай хүнсэн” хэмээн багтай эр өгүүлснээ “Гэхдээ энэ бүхэн таны хяналтаас гарсан. Бид бүгдийн ч хяналтаас бас” хэмээн нэмж хэллээ.

“Та нарын ч бас уу?”

“Тийм байж магадгүй ээ”

“Дрю, чи зүгээр үү?” Нэргүй англи эр рүү харлаа. Багтай эр Дрюгийн толгойд буугаа тулгасан чигтээ.

Дрю толгойгоо аяархан дохиод “Одоохондоо зүгээр байна аа” гэлээ.

“Тэр яах ч үгүй ээ. Яагаад гэвэл чи тун мэдрэмжтэй хүн шүү дээ” гэж нөгөө багтай нөхөр тэднийг тайвшрүүлав.

“Боль доо, Максон”

Өнөөх эр багаа тайллаа. “Би чамайг ухаантай гэж хэлсэн шүү дээ. Маклиш найздаа туслахад хангалттай ухаантай хүн. Хэрэв мэдрэмжтэй бол шүү дээ”

Нэргүй толгой сэгсэрлээ. “Хэтэрхий оройтсон, Максон. Чи биднээс зугтаж дөнгөлөө ч тэднээс зугтаж чадахгүй”

“Нээрээ чи ухаантай шүү. Гэхдээ энэ удаа жаахан андуурч байна. Би энэ тоглоомоор хангалттай удаан тоглосон. Баригдах байсан бол аль эрт баригдчихгүй юү. Надад одоо жаахан тусламж л хэрэгтэй байна”

“Үгүй дээ. Чиний тоглоом хэтэрхий ноцтой өрнөсөн”

“Хэрхэн гүнзгийрснийг нь та нар багцаалах ч үгүй. Та нараас хэдийнэ хэтийдсэн. Хууль ёс, ёс суртахуун энэ тэрээс чинь ч даваад явчихсан. Энэ бол улс төр. Хэн ч үнэнийг хүсэхгүй байгаа. Бүгдээрээ л улс төрийн шинж чанартай үр дүнг хүсэмжилж байна. Чи баатар болж болно шүү дээ. Эндээс Маклишийг амьд мэнд авч гараад, алуурчнаа баривчилсан хэмээн зарла л даа” гээд Базар руу зааснаа “Тэр ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй” хэмээлээ.

“Хариуд нь чи тэгээд сэмээрхэн яваад өгөх юм биз дээ?”

“Чи намайг эндээс явахад тусал. Танай оронд хоёр гурав хоног аюулгүй газар байж байгаад явна. Явахыгаа би өөрөө зохицуулчихна. Гэхдээ чиний албан ёсны тусламжтайгаар найдвартай, аюулгүй байх болно. Хэн хэнд маань алдах зүйл байхгүй шүү дээ”

“Базараас бусдад нь”

“Бурхан минь тэр алуурчин шүү дээ. Хэд хэдэн ч хүнийг алсан. Түүнд юундаа санаа зовсон юм?”

“Түүнд ч санаа зовохгүй байна л даа. Тэр хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, зохих шийтгэлээ авна. Харин би чиний тухай бодож байна. Хэрэв тэр алуурчин юм бол чи хэн юм?”

“Би бол мэргэжлийн хүн”

Нэргүй толгой сэгсэрлээ. “Максон, чи бол гарцаагүй нүгэлтэй амьтан. Гэхдээ чиний хүсээд байгаа тусламж юу юм бэ дээ, тэгээд?”

“Хэрэв иймэрхүү маягаар ярьвал бидний хэн нь ч хожихгүй. Тэр тухай бодож үзэх юм биш үү? Чи тоглохыг хүсэхгүй бол би найзыг чинь тонилгож орхиод, арилаад өгнө. Чи дахиад л гар хоосон хоцорч бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болох байх даа”

“Тэр ч тийм их төвөг болохгүй л болов уу? Бид бүхэл хотыг самнаад чамайг олчихно”

“Би та нарт жаахан тусалж, ганц нэг сэжүүр өгөхгүй бол ямар ч амжилт олохгүй л дээ. Улс төрийн шуурга чиний энэ найзын үхлийн тухай ямар хүчтэй салхилахыг би сайн мэдэж байна. Энэ шуургыг дэгдээхгүй байх боломж чамд байна. Гэхдээ боломж удаан хүлээхгүй шүү. Барууны хэвлэлүүд Маклишийн талаар юу ч олж мэдээгүй байгааг чинь мэдэх юм бол, хэрвээ миний тэвчээр барагдах юм бол чи ч хог дээр үсэрнэ дээ. Намайг дэргэдээсээ алдсаныг чинь мэдэх юм бол бүр ч баларна”

“Солиотой хэрэг. Бидэнд Маклишийг өгсний чинь дараа ч чамайг барихад бидэнд хэн саад хийх юм?”

“Би гарцаагүй эндээс явахдаа л чамд Маклишийг өгнө шүү дөө. Чамайг надад тусална гэж амлахад чинь л уяраад найзыг чинь өгчихнө гэж санаа юү? Үгүй дээ, энэ бүхнийг зохицуулахад тун амархан. Би түүнийг аваад өөр нэг орогнох байр руу явна. Чи надад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Тэгээд би чам руу утсаар ярьж Маклишийг хаанаас ирж авахыг чинь зааж өгнө”

“Чи галзуурчээ. Бид яагаад чиний хэлснээр бүгдийг хийнэ гэж? Биднийг явангуут Маклишийг буудад хаячих юухан байхав. Харин бид түүний үхсэнийг хэзээ хойно мэдэх болно”

“Бурхан минь, чи миний ажлыг л хийж баймаар хүн байна даа, Нэргүй. Би энэ тухай чинь ер бодоогүй юм байна шүү. Чи өөрөө л мэд дээ. Гэвч надад итгэхээс өөр сонголт байхгүй л болов уу. Харин Базарыг аваад явбал яв. Хэрэг явдал яаж ч эргэсэн ядаж алуурчинтайгаа үлдвэл аятай байхгүй юу. Дажгүй санал байна уу?”

“Чи ч ёстой жинхэнэ новш байна даа”

“Үгүй ээ, би мэргэжлийн хүн. Чамд хэлсэн шүү дээ”

“Сүүдрээр алхагч” роман хэвлэгдэн гарлаа

Британийн зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” роман орчуулагч Б.Цацралын орчуулснаар хэвлэгдэн гарлаа. entertainment.news.mn сайтаар уг зохиолыг цувралаар уншдаг уншигчдад энэ нь тун таатай мэдээ байх болов уу. Ээдрээт хэргийн араас мөрдөгчийн хамт мөшгин адал явдалд хөтлөгдөхийн хажуугаар өнөөгийн Монголын нийгмийг өөрийн нүдээр зураглан дүгнэсэн зохиолчийн сонирхолтой үгсийг унших боломжийг энэ ном олгоно.

“Энэ бол нэн сонирхолтой роман. Монгол орныг зурагласан дүрслэл нь баялаг бөгөөд сэтгэл татам” хэмээн Британийн “Индэпэндэнт” сонинд бичжээ. АНУ-ын “Лайбрари журнал” харин “Эрдэс баялаг, бизнесийн төлөөх өрсөлдөөн хүчтэй давалгаалж эхэлсэн төдийлөн танил бус орны тухай төсөөллийг Уолтер бидэнд өгсөн байна” гэсэн юм.

“Баялаг гэдэг хэмжээтэй. Гэсэн ч яг одоохондоо дуусахгүй мэт санагдах арвин нөөцтэй нутагт урьд хожид авч байгаагүй их алт олборлож, үүнээс ашиг, хувь хүртэхээр хошуурцгааж байна” гэсэн мөрүүд уг номд бий. Зохиолчийн сэтгэлд манай орон ийнхүү бууж. 2006 онд бичигдсэн ч энд дүрсэлсэн энэ мэт нийгмийн үзэгдэл өнөөдөр бидний тархи, зүрхийг өргөс мэт хүчтэй өвтгөх болсон. Тиймээс уншигчдын сэтгэлд лавтайяа нийцэх буй за.

“Сүүдрээр алхагч” номыг “Интерном”, “Мир”, “Билиг”, Улсын их дэлгүүрийн “Мажестик” номын дэлгүүрүүдээр борлуулж байна. 1617 болон suudreeralkhagch@yahoo.com хаягаар номын захиалга өгч болох бөгөөд үнэгүй хүргэж өгнө.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж