Эдийн засаг нийгмийн салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс албан байгууллагуудаар явж, бодит байдалтай танилцаж, тухайн байгууллагад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа талаар ярилцлаа. Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч зарим асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэхээ илэрхийллээ. Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр нь 64 ажилчинтай бөгөөд 24 нь мэргэжлийн уран бүтээлч байдаг. Жилд томоохон 4 уран бүтээл туурвидаг. 1959 онд баригдсан байртай бөгөөд одоогоор мэргэжлийн уран бүтээлчид урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, байнгын бэлтгэл сургуулилтаа хийхэд хүндрэлтэй байдаг тул шинэ байртай болох шаардлага байгааг аймгийн удирдлагуудад уламжиллаа. Түүнчлэн соёл урлагийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутануудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан, эргэж орон нутагтаа ажиллуулах байдлаар бодлогоор дэмжин хамтарч ажиллавал орон нутагт чадвартай, сайн уран бүтээлчид ирж ажиллах боломж байгааг тэд онцолж байна.