Улсын Филармонийн уран бүтээлчид 45 дахь жилийн үзвэрээ “NEW SEASON 2017” тоглолтоор энэ сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд хийхээр болжээ. Тус тоглолтыг удирдаач УГЗ Б.Ганбат, СТА Д.Түвшинсайхан, СТА С.Саруул-Од нарын удирдлагаар Филармонийн гоцлол дуучид хамтран дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс дээжлэн үзэгч, сонсогчдод хүргэх юм байна.
Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн “2016 оны 4 дүгээр улиралд үзвэрийн 45 дахь тоглолтод Улсын Филармонийн 3 оркестр болох Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим болон гоцлол дуучид нэгдэн тоглох гэж буйгаараа онцлогтой. Энэ үдэш дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг тоглох юм.” гэлээ.
“NEW SEASON 2017” тоглолтын тасалбар 10, 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Юнителийн GG карттай хэрэглэгчид 100 GG оноогоор 5000 төгрөг хөнгөлүүлэх боломжтой. Тасалбарыг Улсын Филармонийн билетийн касс болон https://www.ticket.mn/event/date/303/ 1900-1617 дугаарын утсаар үнэгүй хүргэж байгаа аж. Тоглолт аравдугаар сарын 15-ны өдрийн 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болно.
Ч.БОЛ