7-8 төрлийн буу эзэмшдэг иргэн ч бий

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

7-8 төрлийн буу эзэмшдэг иргэн ч бий

Галт зэвсгийн тухай хуулиар 21 нас хүрсэн Монгол Улсын иргэн хэн ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан журмын хүрээнд хагас автомат бууг хуулийн дагуу эзэмших эрхтэй юм. Улаанбаатар хотын хэмжээнд 14 мянган иргэн, аж ахуйн нэгж цагдаагийн байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр галт зэвсэг эзэмшин, хадгалж байна. Үүний 1400 нь харуул хамгаалалтын үйл ажиллагаанд зориулж, буу эзэмших гэрчилгээг авсныг цагдаагийн байгууллага онцоллоо. Мөн дээрх иргэдийн дунд 7-8 буу хуулийн дагуу эзэмшиж буй иргэн ч байна. Учир нь 2015 оны есдүгээр сарын нэгнээс шинэчлэгдэн хэрэгжиж эхэлсэн Галт зэвсгийн тухай хуульд нэг иргэн яг хэдэн буу эзэмшиж болох вэ гэдгийг тусгаагүй юм.

Буу эзэмших гэрчилгээ авсан иргэдийн ихэнх нь ан агнахад ашиглах, буудлагын спортоор хичээллэх, галт зэвсэг цуглуулах хоббитой зэрэг үндэслэлээр зөвшөөрлөө авсан байдаг аж. Зөвшөөрөгдсөн хэмжээнд иргэд буугаа ашиглахдаа тээвэрлэлт, хадгалалтын зааврыг дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэйг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Галт зэвсэг хариуцсан ахлах байцаагч Ц.Тодбаяр санууллаа. Хуулиар галт зэвсэг эзэмшигч иргэн нь тухайн буугаа тээвэрлэж, хадгалахдаа хонгио, гохыг нь байнга цоожилж байх шаардлагатай. Тухайн шаардлагыг биелүүлэх, болзошгүй эрсдэл гарвал хариуцлагаа үүрэх боломжтой насанд хүрсэн иргэнд галт зэвсгийг ашиглах, зөвшөөрлийг хуулийн байгууллага олгодог аж. Ингээд тооцохоор нийслэлийн хэмжээнд буу эзэмшдэг иргэдийн дийлэнх нь 21-45 насных байна.

Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд өөрийн оршин суугаа гэр, орон сууцандаа сумнаас тусад нь хадгална. Харуул хамгаалалт, спорт сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын сейф, саванд сумнаас тусад нь хадгалах үүрэгтэй.

Харин 10 ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлсан тоноглосон өрөөнд, зориулалтын сейф саванд сумнаас тусад нь хадгалах шаардлагыг цагдаагийн байгууллага иргэн, аж ахуйн нэгжид тавьдаг байх юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж