Даргын даллагатай Р.Содхүү

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

Даргын даллагатай Р.Содхүү

Төрийн албаны зөвлөл Засгийн газрын захиалгын дагуу агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулж, эцсийн байдлаар нэрсийг өнөөдөр албан ёсоор зарлалаа. Хэдийгээр шалгалт авч, шалгалт өгч байгаа нэртэй боловч тэдгээр агентлагийг удирдах хүмүүс хэдийнэ тодорч, түрүүчээсээ тамгаа хүлээж аван, жинхлэх тушаалаа хүлээж суусан юм.

Агентлагийн шинэ удирдлагуудын дунд хэзээд даргын суудалд залагддаг Р.Содхүү багтжээ. Тэрбээр энэ удаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлыг хүлээж авахаар болов.

Аль ч засгийн үед тал алддаггүй, ноён Р.Содхүүгийн ажлын намтрыг харвал 1990 оноос хойш дандаа даргын алба хашжээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг ч энэ хүн Сэлэнгэ аймгийн орлогч дарга, Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил /2015 оны 02 сард/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогджээ.

Рэнцэнгийн СОДХҮҮ

  • 1976 он: ХААИС-ийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. 
  • 1987 он: Удирдлагын академийг төгссөн
  • 1971-1973 он: Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуульд багш 
  • 1977-1978 он: Сэлэнгэ аймгийн ХААУГ-т санхүүгийн байцаагч 
  • 1978-1982 он: Сэлэнгэ аймгийн Баян хараатын САА-д ерөнхий нягтлан бодогч
  • 1982-1987 он: Сэлэнгэ аймгийн Орхон САА-д ерөнхий нягтлан бодогч 
  • 1990-1991 он: Сэлэнгэ аймгийн Орхон сумын АДХГЗ-ны дарга
  • 1991-1992 он: Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны Санхүүгийн хэлтсийн дарга
  • 1992-1994 он: Сэлэнгэ аймгийн Засаг даргын I орлогч дарга 
  • 1995-1996 он: Монгол Улсын Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
  • 1996-2004 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2011 он: Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 
  • 2011-2012 он: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 
  • 2015 он: Үндэсний статистикийн хорооны дэд дарга 
  • 2015.02.18: Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр ажилласан.
  • 2016.10.13: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдов.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж