Хятад эцэг эхчүүдийн дунд санаа зовоосон том асуудал гарч ирлээ. Юу гэвэл Хятадын залуучууд гэрлэлтийг хойш тавих болсон байна. Энэ нь Засгийн газрын санааг бас зовоож байгаа юм. Өнгөрсөн арван жилд гэр бүл болж буй залуусын тоо нэмэгдэж байсан ч сүүлийн 2-3 жилд буурчээ. 2015 онд л гэхэд шинээр гэр бүл бологсдыг 2014 онтой харьцуулахад 6,3 хувь, 2013 онтой харьцуулахад 9,1 хувь болж тус тус буурсан байна. Гэр бүл бологсдын насыг үзэхэд хожуу гэрлэлт нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Энэ чиг хандлага нь зөвхөн Хятадад ч ажиглагдсан зүйл биш бөгөөд АНУ, Японд сүүлийн жилүүдэд түгээмэл ажиглагдаж байгаа зүйл юм. Хонгконг болон Тайваньд ч мөн адил байна.
Угтаа бол Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнууд нь барууны улс орнуудаас соёлын хувьд ялгаатайн дээр гэр бүлийг нэгдүгээрт тавьдаг уламжлалтай. Эцэг эхчүүд удам угсаа тасарлаа, ганц биеэрээ хөгширлөө гэсэн айдастай байх болжээ.
САНАА ЗОВИНОЛ
Гэр бүл хоорондоо тохирч хуримлах уламжлалыг Хятад улс 1950 оноос хуулиар халсан ч хүүхдүүдийнхээ гэрлэлтэд эцэг эх нь нөлөөлдөг хэвээр байгаа. Хятадын ихэнх эцэг эх хүүхдэдээ хос олж өгөх зорилгоор “Хаврын фестиваль”-д оролцдог аж. Энэ үеэр хүүхдүүд заавал эцэг эхдээ очдог учраас аав ээжүүд хүүхдүүдээ танилцуулах уулзалт хийдэг болжээ. Хятадын залуучуудын асуудал эрхэлсэн хорооны судалгаанаас харахад 25-35 настай залуусын 85 хувь нь дээрх эцэг эхийн шахалтад хамгийн ихээр өртдөг аж.
Зарим эцэг эх “Хосоо олох булан” нэртэй үйл ажиллагаанд оролцон ганц бие хүүхдүүдээ танилцуулдаг аж.
Хожуу гэрлэсэн хосод бал сарын нэмэлт болгон долоо хоногийн чөлөө өгдөг байсныг энэ жил цуцалсан аж. Хожуу гэдэг ойлголтод 25-аас дээш насны эрэгтэй,23-аас дээш насны эмэгтэйчүүд ордог аж.
Мөн тус улсад хүйсийн харьцаа алдагдаж, эрчүүд давамгай болж, 1970 оноос хойш төрсөн сүйт бүсгүй хайж буй 24-33 сая эрэгтэй байгаа нь санаа зовоож байна. Ялангуяа хөдөөд энэ асуудал маш хүндээр тусдаг аж. “People’s daily” сонины мэдээлж буйгаар хожуу гэрлэсэн эмэгтэйчүүдээс илүү дээрх хөдөө нутгийн "оройтсон" эрчүүд нь асуудал болж байгаа аж. Учир нь, тэдний зарим нь мөрийтэй тоглох, биеэ үнэлэх, хүний наймаа гэх мэт гэмт хэргүүдэд холбогдох магадлал өндөр байдаг аж.
ӨӨР ЧИГ ХАНДЛАГА
Залуучуудын чиг хандлага өөрчлөгдөж байна. Хориос гучин насандаа заавал гэрлэх ёстой гэсэн үзэл өөрчлөгдөж байна. Өмнөх үеийнхнээсээ өөр үнэт зүйлтэй болсон 1980-1990 оны залуус карьер хөөхийг илүүд үзэж байна.
Засгийн газрын судалгаанаас харахад гэр бүл болох насны залуусын гуравны нэг нь долоо хоногт 44 цаг ажиллаж байгаа хэн нэгэнтэй дотно танилцаж, харилцаа үүсгэх зав өгөхгүй байгаа аж.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: Quartz