Олон улсын хүндийн өргөлтийн холбооны хурлаас “Рио 2016” олимпийн наадмын сэргээшийн шалгалтад бүдэрсэн дөрвөн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хаслаа. Эдгээр нь Польшийн Томаш Зелински, Киргизийн Иззат Артыков, Монголын Ө.Чагнаадорж, Румыны Габриэл Сикраян нар бөгөөд тус бүрийг нь өөр өөр хугацаагаар шийтгэжээ.
Ө.Чагнаадоржийн хувьд олимпийн наадам эхлэхээс долоо хоногийн өмнө Риог зорих эрхээ авсан. Учир нь, Олон улсын олимпийн хороо ОХУ-ын хүндийн өргөлтийн тамирчдыг хассаны улмаас нэмэлт эрхээр оролцсон юм.
Ө.Чагнаадорж наймдугаар сарын 8-ны өдөр эрэгтэйчүүдийн 56 кг-ын “В” хэсэгт өрсөлдөж, огцом өргөлтөөр 103 кг-ыг захиалсан ч гурван оролдлогоо амжилтгүй болгосон билээ.
Энэ жил 19 настай Ө.Чагнаадорж 2016 оны Азийн аваргад огцомоор 110 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, VIII байр эзэлж байсан бөгөөд “Рио-2016”-н наадамд бэлтгэл муутай оролцсон. Түүнээс тестостеронсен илэрсэн бөгөөд ийнхүү Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос тэмцээнд оролцох эрхийг нь хаслаа.
Эх сурвалж: www.iwf.net
Ч.БОЛОР