Монголын Хуульчдын холбооны ээлжит бус хуралдаан Төрийн ордны Их танхимд болж байна.
Ээлжит бус их хурлаар Монголын хуульчдын холбооны зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг шинээр сонгож, батламжилна. Учир нь, дээрх зөвлөл, хороонд сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч буй юм. Гишүүдийг ямар зарчмаар тодруулах, мөн цаашид ямар асуудалд анхаарч ажиллах шаардлага байгаа талаар Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Гүнбилэгээс тодрууллаа.
-Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг ямар зарчмаар сонгон шалгаруулах вэ?
-Монголын хуульчдын холбоо 5405 гишүүнтэй. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл гэсэн тухайн салбар эрх зүйн хороо болон чиг үүргийн үйл ажиллагаа явуулдаг хороодууд маань цахим хэлбэрээр сонгууль явуулдаг. Тэндээсээ сонгогдож гарсан хүмүүсийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн батламжилна.
-Холбооны хувьд, мөн гишүүдийн өмнө тулгамдсан асуудал юу байна вэ?
-Хуульчдын мэргэжлийн хариуцлагын үйл ажиллагааг сайжруулахын тулд юун түрүүн ёс зүйтэй байх, мэдлэгийн ур чадвартай байх гэсэн шаардлага тавигдаж байна.
Ёс зүйн асуудлыг мэргэжлийн үйл ажиллагаан дээр хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар сүүлийн гурван жил нэлээн туршлага хуримтлууллаа. Ямар асуудлыг хөдөлмөрийн харилцаанд оруулах, юуг нь мэргэжлийн алдаанд оруулах, ямрыг нь ёс зүйн харилцаанд оруулах вэ гэдгийг нарийвчилж зааснаар нэлээд зүйл цэгцэрлээ. Цаашдаа тухайн хуульчтай холбоотой гаргаж байгаа өргөдөл, гомдолд хариу өгөхөд илүү тодорхой оновчтой болж байна.
Холбоо маань байгуулагдаад гурван жил болж байна. 21 аймагт ажиллаж байгаа хуульчдадаа тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй бэрхшээл байсан. 15 аймагт салбар зөвлөлөө байгуулж, салбар зохицуулагч томилоод ажиллахаар Улаанбаатар хотоос харилцах харилцаа, сургалт ёс зүй, бусад мэргэжлийн тал дээр ахиц дэвшил гарна.
-Хуульчидтай холбоотой ямар санал гомдол иргэдээс ирүүлж байна вэ. Хуульчидтай холбоотой гаргасан гомдол нь үндэслэлтэй бол хэдий хугацаагаар өмгөөлөл үзүүлэх эрхийг нь гэдэг ч юм уу түдгэлзүүлдэг юм бэ?
-Мэргэжлийн хариуцлагын хороо үйл ажиллагаагаа эхэлснээс хойш иргэдээс маш их гомдол ирж байна. Шүүх дээр маргаан хянан шийдвэрлэж байгаа талуудын аль нэг нь эрхээ хангуулахад нөгөө нь гомдолтой үлддэг. Гомдож байгаа хүн “Шийдвэр нөгөө талд гарчихлаа, үүнд нөлөөлөл орчихлоо. Илүү яриа хөөрөө хийчихлээ” гэдэг юм уу энэ талын гомдол гарган Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороонд ханддаг. Тэр бүрт нь судалгаа хийгээд үзэхэд нийт гомдол гаргасан хүмүүсийн 1-2 хувь нь үндэслэлтэй байх тохиолдол бий.
Иймээс тухайн иргэний эрхийг нь зөрчсөн, мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан байвал сануулах, эсвэл хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгох арга хэмжээ авдаг. Хуульчийн эрх зүйн гэрчилгээг нь хүчингүй болгосноор тэр хүн өмгөөлөгч юм уу, прокурор юм уу, шүүгчээр ажиллах боломжгүй болдог.
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилт ямар байна вэ. Цаашдаа засаж сайжруулах гэдэг юм уу, ийм зүйл гарч байгаа юу?
-Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбоо зөвхөн хуульчдынхаа эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, нийгэмд үйлчлэх эрхтэйгээр тусгагдсан. Тухайлбал, төлбөрийн чадамжгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргийг холбоонд өгсөн. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд төр засгаас баталгаагаар хангана гэж хуульчилсан. Гэвч сүүлийн гурван жилд Засгийн газраас огт дэмжлэг үзүүлээгүй. Төсөв санхүүг нь өгөөч ээ гэж нэлээн хандсан ч үр дүн гараагүй. Ийм учраас энэ асуудлаар шинээр байгуулагдсан Засгийн газарт хандсан. Нааштайгаар шийдэж өгнө, нийгмийн өмнө хүлээсэн харицуцлагаа төр мартах ёсгүй гэсэн байдлаар хандаж байгаа.
Нийгэмд үйлчлэх гэж байгаа энэ байгууллага төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа олон нийтийн байгууллагынхаа хувьд ямар нэгэн байдлаар хуулийг хамгаалж ажиллах ёстой юм. 2017 оноос эхлээд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг аваад эхэлбэл хуулийн зохицуулалт амьдралд хэрэгжих боломжтой болно.
-Жилд хэдий хэмжээний санхүүжилт шаарпдлагатай байгаа вэ?
-Нэг өмгөөллийн үйл ажиллагаан дээр ажиллахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож өгөөч ээ гэсэн хүсэлтийг бид тавьсан. Нэг хэрэг өмгөөлөхөд гурван шатны шүүхээр явахад нэг жил болох тохиолдол бий. Тийм учраас хамгийн бага төсвийг хүсээд байгаа.
Өнгөрсөн жил 350 хүн Хуульчдын холбоонд хандсан. Өмгөөлөгчид бор зүрхээрээ өөрсдөө бүх юмаа хариуцаад тэдэнд үйлчилгээ үзүүлсэн. Энэ оны арван сарын байдлаар 360 гаруй хүн Хуульчдын холбоонд хандсан. Иргэд Хуулччдын холбоо гэж байгууллага нь иргэний эрхийг хамгаалах чиглэлээр ийм, ийм үйл ажиллагаа явуулдаг юм байна гэдгийг төдий л мэдэхгүй байгаа. Мэдээд ирэхээр 300-гаар тогтохгүй, 1000, 2000-д хүрч иргэд хандаад ирэхээр Хуульчдын холбоо төрөөс зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай болж байгаа.
Г.ДАРЬ