Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн жилийн долдугаар сард смарт картын системд шилжүүлсэн. Тэр цагаас хойш оюутнуудад хөнгөлөлтийн карт олгохоор болж өнгөрсөн жил 90 орчим мянган оюутан картаар зорчих эрхтэй болсон ч “u money” смарт картыг хугацаанд нь өгөхгүй байгаад оюутнууд гомдолтой байна. 2015-2016 оны хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр зорчихдоо, сар бүр 44 удаагын суулттайгаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг байсан. Гэвч энэ жилээс “Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2.5-д заасан заалтын дагуу нийтийн тээврээр зорчих шаардлагатай оюутны зардлыг 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтооно” гэсэн хуулийн заалт гарсан. Энэхүү заалтын дагуу 44 удаагын сууллтай байсан оюутнуудын 22 удаагийн суултыг улсаас дааж, үлдсэн 22 удаагийнхад оюутнууд өөрсдөө төлөхөөр болж байгаа юм.
Монголын Үндэсний Их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Хулан:
-Би есөн сарын эхээр смарт картаа захиалсан юм. Гэвч одоог хүртэл картаа гар дээрээ авч чадаагүй. Картаа авчихсан байсан бол санхүүгийн хувьд хэмнэлттэй байх байсан. Энэ талаар асууж мэдье гэхээр сургуулийн смарт карт тарааж өгдөг хүнээс карт чинь ирээгүй байна гэсэн л хариу сонсох юм. Зарим сургуулийн картыг есдүгээр сарын сүүлээр өгсөн байна лээ. Ямар ч байсан смарт картаа авч л байвал 22 удаагийн суулт ч яахав. Яагаад ямар шалтгааны улмаас ингэж ялгаатайгаар смарт тараагдаад байгааг л мэдмээр байна гэлээ.
Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын хуулийн зөвлөх, эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ууганбаяртай уулзаж тодрууллаа.
-Зарим их дээд сургуулиудын оюутнууд смарт картаа авч чадаагүй байгаа. Энэ нь юутай холбоотой вэ?
-2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутны цахим карт авах 26042 оюутны захиалгыг хүлээн авсан. Үүнээс 22000 оюутны цахим картыг олгочихсон байгаа. Дахин олголтын захиалга өгсөн 6050 оюутан, гээж үрэгдүүлсэн 4000 гаруй оюутан байгаа бөгөөд нийтдээ 10000 гаруй оюутны карт олгогдоогүй байна. Энэхүү олгогдоогүй картны албан бичгийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар смарт компанид хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Манайх гээж үрэгдүүлсэн, шинэ элсэгчдийн картыг олгодог. Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол орохтой холбогдуулан цахим төлбөрийн карт яаж шийдэгдэх нь тодорхойгүй байсан. Төсвийн тодотголд нөхөн олговор, цахим төлбөрийн картны санхүүжилтыг есдүгээр сарын сүүлээр шийдэж өгсөн учир хүлээлт үүсгэсэн нэг шалтгаан нь юм.
-Яагаад албан бичиг хүргүүлээд арав гаруй хонож байхад хариу өгөхгүй байгаа талаар Улаанбаатар ХХК-наас лавлаж асуугаагүй юм уу ?
-Асуугаагүй албан бичгийн хариуг хүлээгээд байж байна.
-Одоо хүлээгдэж байгаа смарт картыг яг хэзээ олгох вэ ?
-Карт сунгах болон яагаад олгогдохгүй байгаа асуудлыг Улаанбаатар смарт компани мэднэ. Хүлээгдэж байгаа 10000 карт гарчихвал тараахад бидэнд нэг их хугацаа орохгүй гэсэн юм.
Дараагийн холбогдох байгууллага болох Улаанбаатар смарт компаний үйл ажиллагааны хэлтэсийн менежер Ц.Түвшинжаргалаас оюутны смарт карт хэзээ гарах, яагаад олгогдохгүй байгаа талаар тодрууллаа.
-Оюутны смарт карт яагаад хугацаандаа олгогдохгүй байна вэ ?
-Их дээд сургуулиудын оюутны картыг Нийслэл боловсролын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулиудын картыг нийслэлийн хөдөлмөрийн газар сунгадаг. Манайх есдүгээр сарын 1-нээс энэхүү байгууллагуудтай уулзаж ярилцаад картын хуваарь гаргаж олон нийтэд зарлаад олголтоо хийсэн. Картын бүртгэлийг есдүгээр сарын 2-ны өдрөөс есдүгээр сарын 6-ны хооронд хийсэн боловч оюутнууд тогтсон хугацаанд хувийн материлаа өгөөгүйн улмаас карт олгох хугацаа хойшилсон.
-Танай байгууллагад оюутнуудыхаа бичиг баримтыг хамгийн эхэнд ямар сургууль авчирч өгсөн бэ ?
-Манайд нийтдээ 100 их дээд сургууль оюутнуудыхаа смарт картын захиалгын бичиг баримтыг ирүүлсэн. Хамгийн эхний сургууль бичиг баримтаа есдүгээр сарын 7-ны дотор авч ирсэн бол хамгийн сүүлийн сургууль есдүгээр сарын 21-нд бичиг баримтаа авч ирж өгсөн байгаа. Бид цаг алдахгүй материал нь ирсэн оюутнуудын смарт картыг олгосон.
-Үлдсэн олгогдоогүй картуудыг хэзээ олгох вэ ?
-Албаны хүмүүсээс тодруулж байгаад хариу өгнө гэлээ.
Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар смарт компаниас олгогдохгүй байгаа смарт картны талаар холбогдох хүмүүстэй уулзсан боловч, яг хэзээ олгогдох талаар тодорхой хариу өгсөнгүй.
Э.СОСОРБУРАМ
О.ТЭГШБУЯН